ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНВенесуэл Улсын төрийн тэргүүн Уго Чавес  таалал төгссөнтэй холбогдуулан дэд ерөнхийлөгч Николас Мадуро болон венесулийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, Чавесыг гарамгай удирдагч, Орос улсын анд хэмээн нэрлэсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

Чавестай удаа дараа уулзсан Путин түүний гарамгай чадвар чанарыг тэмдэглэв. «Тэрээр ер бус хүчитэй  ирээдүй өөд тэмүүлсэн зүтгэлтэн байж, өөртөө өндөр зорилт ямагт тавьж ирсэн» гэж эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утсанд өгүүлжээ.

Венесуэл хүмүүсийн урам зориг, хатуужил сорилтыг давж, цэцэглэн хөгжиж байгаа тусгаар хүчит БНВенесуэл Улсыг цогцлон байгуулах эрхэм үйл хэргийг үргэлжлүүлэхэд туслана гэж Путин онцлов.

1999 оноос улс орноо тэргүүлсэн Уго Чавес удаан өвчлөөд өчигдөр таалал төгсчээ. Венесуэлын засгийн газраас долоон өдрийн гашуудал зарлав. Лхагва, пүрэв, баасан гаригт боливарын хувьсгалын удирдагчтай салах ёслол гүйцэтгэх юм.

Ерөнхийлөгч таалал төгсвөл Үндэсний ассамблейн дарга төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэж, ерөнхийлөгчийн шинэ сонгууль явуулах тухай 30 өдрийн дотор зарлаж мэдээлнэ гэж Венесуэл улсын Үндсэн хуульд өгүүлжээ.