БНХАУ-ын цэргийн зарлагын өсөлт бүс нутгийг түгшүүлж байна гэж өнөөдөр Японы ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдлээ. Тэрээр парламентын дээд танхимын депутатуудын асуултад хариулахдаа батлан хамгаалах салбарын төсөв нь ил тод биш байна гэж Бээжинг буруушаав.

«Цэргийн төсөв нь ил тод биш нөхцөлд Хятадын цэргийн сүр хүчийг зузаатгаж байгаа явдал бүс нутгийг түгшүүлж байна. Бид Хятадын батлан хамгаалах хөтөлбөрүүдийг ил тод болгохын төлөө байна» гэж ерөнхий сайд мэдэгджээ.

2013 онд БНХАУ-ын цэргийн зарлага өнгөрсөн оныхтой харьцуулахад 10,7 хувиар өсөн нэмэгдэнэ гэсэн мэдээлэл Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Касидагийн сэжиг төрүүлсэн билээ. Энэ санхүүгийн жилд Хятадын улсын цэргийн төсөв 114,3 тэрбум доллар болох тухай өчигдөр нээгдсэн БХАТХ-ын чуулган дээр зарлан мэдээлжээ.

Цэргийн зарлага, бэлтгэлийн систем нь ил тод биш байна гэж Япон улаас Бээжинг нэг бус удаа зэмлэсэн юм. Эдүгээ хоёр орны харилцаа Токиогийн хяналтад байгаа Сенкаку (Дяоюйдао) арлуудыг тойрон үүссэн санал зөрлөдөөнөөс болж нэлээд доройтсон байна. Тухайлбал энд Бээжин түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлж байна гэж Японы ерөнхий сайд саяхан шууд буруушаав.

Токио ч 2013 онд сүүлийн 11 жилд анх удаа батлан хамгаалах салбарын зарлагыг нэмэгдүүлнэ. Хятад улстай нутаг дэвсгэрийн асуудаархи санал зөрөлдөөн хурцдаж, БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөрийг идэвхжүүлсэн явдал үүний шалтаг болов. Японы цэргийн төсөв өнгөрсөн оныхтой харьцуулахад 0,8 хувиар өсөн нэмэгдэж, 2,4 тэрбум долларт хүрэх юм.