33 настай солонгос эмэгтэй Ли Хён Со 2-р сарын сүүлээр Калифорнид өнөө дэлхийн асуудлуудыг хэлэлцдэг нэр хүндтэй форумын нэг TED бага хурал дээр үг хэлжээ. Тэр Умард Солонгост төрсөн хийгээд Хятадад бараг 10 жил суугаад Өмнөд Солонгост шилжин суусан юм. Хүүхэд байхдаа хил орчмын Амноккан голын эрэг дээр амьдарч, «ямар учраас голын умард солонгосын талд харанхуй байхад нөгөө тал нь саруул сайхан гэрэлтэй байна вэ? гэж орой бүр асууж байсан аж.

Ийм асуулт зүй ёсоор тавьж байсныг солонгос-хятадын хил орчимд очсон хүн бүр ойлгох юм. Ялангуяа Даньдунаас умард солонгосын эргийг харсан хүн тийм дүгнэлт хийнэ.Даньдун бол хятадын хил орчмын томоохон хотын нэг юм. Хот Амноккан голын адагт оршдог. Умард Солонгосын хил орчмын томоохон Синыйжу хот өмнө нь оршино.

Одоо Даньдун 550, Синыжу бараг 380 мянган хүн амтай. Даньдуны эдийн засгийн хөгжил дээд түвшинд хүрсэн. Шинэ 20 давхар байшингууд засмал эрэг дээр сүндэрлэн боссон хийгээд худалдааны төв, томоохон ресторан, баян хятадуудын орд харш энд тэндгүй харагдана. Бээжин, Шанхайг бодоход Даньдуны гудамжууд шөнө их гэрэлтэж байна гэвэл хэтрүүлэг болно. Гэсэн ч барилга байшингууд болон зар сурталчилгаа гялалзан гэрэлтэж байна.

Гэвч Амнокканы нөгөө эрэг хав харанхуй байна. Умард Солонгосын хэмжүүрээр Синыйжу цахилгаан эрчим хүчээр сайн хангагдсан боловч, цахилгаан дутагдаж байна. Синыйжу хотын Ким Ир Сений хөшөө бүхий төв талбай л гэрэлтэж байна.

Эндхийн нөхцөл байдал саяхан болтол огт өөр байсан юм. Барагцаалбал 1980 он хүртэл Умард Солонгос аж байдлын түвшингээр Хятад улсаас нэлээд давж байв. Жишээ нь 1970 онд БНАСАУ-ын хүн ам дутамд ногдох ДНБ-ний хэмжээ хятадынхаас бараг гурав дахин илүү байсан аж. 60-ад онд «их үсрэлт», «соёлын хувьсгалын» үед солонгос гаралтай хятадууд өлсгөлөн, ядууралаас амиа авран зугтаж, БНХАУ-д суусан билээ.

Гэвч Хятад улс 40 жилийн шинэтгэлийнхээ үр дүнд урагш ахив. Харин Умард Солонгос зогсонги байдалд орсон юм. 2012 онд Хятад улсад хүн ам дутамд ногдох ДНБ-ний хэмжээ умард солоноосынхоос барагцаалбал 3 дахин илүү их боллоо.

Умард Солонгосын олон оршин суугч Хятад улсын эдийн засгийн амжилтыг харж байна. 1 сая орчим хүн Умард Солонгосын хил орчмын нутагт Амнокан, Туманган голуудаас холгүй суудаг. Тэд Хятадын эдийн засаг цэцэглэн хөгжиж байгааг шөнө бүр нүдээрээ үзэн үнэмшиж байна. Голын нөгөө эрэг дээр том байшин, гэрэлтүүлсэн гудамж, шинэ зам гүүр болон жилээс жилд олширч байгаа машинуудын гэрэл харж байна.

Амноккан голын хятадын эрэг хятадын капитализмын буюу «хятадын өвөрмөц шинж чанартай социализмын» нэг ёсны үзмэрийн цонх болсон. Умард Солонгосын олонхи оршин суугч шөнө харанхуй эргээсээ энэ хятадын үзмэрийн цонхыг харахдаа «ямар учраас манайд ийм харанхуй байна вэ?» гэж Ли Хён Согийн адил асууж байх. Эрт орой нэгэн цагт Синыйжоу Даньдунтай адил тансаг саруул сайхан болоосой гэж байгаа бололтой.