БНСолонгос улс Токто арлуудыг буцаах японы шаардлагын хариуд японы бараа таваарыг хяхах бодлого явуулж эхлэв. Ийм арга хэмжээ хоёр талын эдийн засгийн хэлхээ холбоонд хохирол учруулж мэдэхийг урьд Хятадад явуулсан адилхан ажиллагаа харуулав.

Энэ оны 2-р сард Өмнөд Солонгосын жижиг худалдаачдын холбооноос японы үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хяхах тухай албан ёсны мэдэгдэл Япон улсын Элчин сайдын яаманд явуулсан билээ. Mild Seven янжуур, Asahi шар айраг, Honda Toyota машинууд болон Nikon камерыг худалдан авахаас татгалзахыг уриалсан гэрэлт зургууд Сөүлийн гудамжуудад харагдав. Замын хүмүүс эдгээр уриаг онц сонирхохгүй байв. Өмнөд Солонгосын хэрэглэгчдийн эх оронч эсвэл прагматик үзэл илүү хүч нөлөөтэй болохыг шинжээчид тааварлав. Энэ нь чухал асуудал юм.

Өмнөд Солонгосын хэрэглэгчид эх оронч үзэлтэй байж, эх орныхоо бараа таваарыг гадаадынхнаас илүү их сонирхож, худалдан авч байна гэж өмнөд солонгосын суртал нэвтрүүлэг олон жилийн турш ятгаж ирсэн юм. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Андрей Иванов хэлэхдээ

«Өмнөд Солонгосын хэрэглэгчид гадаадын үйлдвэрлэлийн бараа таваарыг худалдан авах дургүй гэсэн үг яриа энд тархсан. Жишээ нь өмнөд солонгосын автомашиныг гадаадынхнаас дээгүүр үзэж байна гэдэг. Гудамжад зогсоосон «Ауди» буюу «Тойотаг» зориуд гэмтээж, эх оронч бус үзэлтэй эздий нь ингэж шийтгэх тохиолдол гарчээ. Харин импортэд ногдох хэт өндөр татвар герман, америк, японы үйлдвэрлэлийн машины үнийг эрс нэмэгдүүлж байгаа учир өмнөд солоногосын хэрэглэгчид тэдгээрийн их сонирхохгүй байгаа нь хожим илэрсэн» гэв.

Машины импортын татварыг эрс багасгавал солонгосчууд эх оронч үзлээ умартаж, германы буюу японы үйлдвэрлэлийн машиныг дуртайяа худалдан авна гэж зарим шинжээч үзэж байна. Одоогоор тэд японы цахим техникийг авч байна. Японы бараа таваарыг худалдан авахаас татгалзах тухай уриа үүнд нөлөөлөхгүй.

Харин солонгосын дэлгүүр бол өөр хэрэг. Олонхи нь жижиг худалдаачдын холбооны уриаг дэмжиж, японы үйлдвэрлэлийн шар айраг, янжуур, цахим техникийг худалдахаа больж байна. Энэ нь японы компаниудад санхүүгийн хохирол учруулж мэднэ. Эдүгээ японы янжуур, согтууруулах ундаа солонгосын зах зээлд нэлээд их байр эзлэж байна.

Гэсэн ч дээрх бодлого япон-өмнөд солонгосын эдийн засгийн хэлхээ холбоонд ноцтой хохирол учруулахгүй гэж өөдрөг үзэлтэй шинжээчид үзэж байна. Эдгээр харилцаа холбоо янжуур, шар айргийн худалдаагаар хязгаарлагдахгүй байна шуу. Хятадад явуулсан адилхан ажиллагааны туршлагыг харгалзах хэрэгтэй гэж Андрей Иванов хэлээд

«Японы засгийн газраас маргаантай Сенкаку арлуудын нэг хэсгийг худалдаж авсаны хариуд өнгөрсөн оны намар Хятад улсад явуулсан японы бараа таваарыг хяхах бодлого хятадын талд гэнэтийн хор холбогдолтой болсон. Япон улс Зүүн-өмнөд Азид худалдааны шинэ газрыг эрэж, хөрөнгө оруулж, үйлдвэрүүдээ БНХАУ-аас гаргасан. Энэ нь автомашинаас өөр салбарыг бас хамрасан» гэв.

Хяхах бодлого, жагсаал цуглаан төдийгүй БНХАУ-д хөдөлмөрийн өртөг нэлээд нэмэгдсэн явдал Япон улсын дээрх шийдвэрт нөлөөлсэн юм. Эдүгээ Өмнөд Солонгост адилхан нөхцөл байдал бүрэлдсэн. Нутаг дэвсгэрийн асуудлаар найр тавихгүй байгаа Японыг шийтгэх арга хэмжээ сөрөг үр дүнтэй болж мэднэ. Японы хөрөнгө оруулалтын ачаар солонгосын ба хятадын эдийн засаг өрнүүн хөгжсөнийг мартаж болохгүй. Японы улс санал зөрөлдөөн эрс гаарах нөхцөлд хөрөнгөө буцааж авч болзошгүй.