Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө агуулгыг тодруулна гэдэгт дэлхийн хамтын нийгэмлэг найдаж байна гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. Иран улс «дэлхийн хамтын нийгэмлэгийн итгэл хүлээх ёстой» гэж тэрээр Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехтай уулзах үеэрээ хэлсэн байна. Алма-Атад хэлэлцээ хийсэн Иран улс ба олон улсын зургаан зуучийн (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) төлөөлөгчид ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи яриа хэлцээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сайшаан дэмжив. Хэлэлцээний дүнгээр талууд 3-р сарын 18-нд Стамбулд шинжээчид уулзаж, дэлхийн хамтын нийгэмлэгээс Иран улсад санал болгосон итгэлцлийг бэхжүүлэх багц арга хэмжээг авч үзэж хэлэлцэх асуудлаар тохиролцов. Иран улс яриа хэлцээг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн явдал Алма-Атад хийсэн хэлэлцээ амжилттай болсон гэж дүгнэх үндэс болсон гэж дипломат ажилтнууд үзэж байна. 2014 онд Иран улстай цэргийн сөргөлдөөнөөс сэрэмжлэхийн тулд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээг урагш ахиулах хэрэгтэй гэж өрнөдийн дипломат ажилтнууд үзэж байна гэж британийн «Файнэншл таймс» сонин бичжээ.