Оросын парламент орлого, үл хөдлөх хөрөнгөө нуун далдлаж, хууль ёсоор хориглосон ч бизнес цаашид эрхлэж байгаа депутатуудаас ангижирч байна. Хэдэн депутатын эрхийг хасснаас хойш мандатаас сайн дураараа татгалзах тохиолдол гарч байна. Энэ сарын сүүлээр эрх баригч «Нэгдсэн Орос Улс» намын гурван төлөөлөгч ОХУ-ын Улсын думаас гарч явсан байна. Тэдэнд албан ёсоор ял ногдуулаагүй. Нам, фракц, засгийг гутаах хэрүүл шуугиан дэгдэх анхны шинж тэмдэг мэдрэмэгц сайн дураараа гарчээ.

«Нэгдсэн Орос Улс» намын нэрд гарсан гишүүн Владимир Пехтин огцросон явдал шуугиан дэгдээв. Депутат АНУ-д үл хөдлөх хөрөнгөтэй байгаа хийгээд баримт бичиг тодорхойлолтдоо түүнийгээ оруулаагүйг интернет-блогерууд илрүүлжээ. Эдгээр нь хуурамч баримт бичиг эсвэл ямар нэг эндүүрэл гарсан гэж Пехтин мэдэгдсэн байна. Тэрээр депутат байхаа больж, АНУ-д очиж, газар дээр нь учрыг олож мэдэхээр шийдвэрлэв.

«Хууль ямагт мөрдөж ирсэн. Хуулийн үг үсгийг хэзээ ч зөрчөөгүй, зөрчих ч үгүй. Маргаантай баримт бичгүүдийг интернетэд нийтлэсэн байна.Хууль зүйн эргэлзээтэй зүйл бий. Улс төрийн шудрага өрсөлдөөний үр дүнд авсан мандатаа буцаана. Шудрагаар өрсөлдсөнийг сөрөг этгээдүүд ч мэднэ. Гэсэн ч мандатаа буцаахаар шийдсэн. «Нэгдсэн Орос Улс» намыг бодоход минийх байдал 2-р зэргийн зүйл гэж бодож байна» гэж Пехтин тайлбарлан хэлэв.

Депутатууд ч бүр өөр намын гишүүд ч мандатаа буцааж, үнэнийн төлөө тэмцэх Пехтиний шийдвэрийг өндөр үнэлэв. « Манай нийгэм тухайлбал депутатууд ба «Нэгдсэн Орос Улс» фракцад ёс суртахуун байгааг мөн жишээ харуулж байна гэж Улсын думын «Нэгдсэн Орос Улс» намын фракцын удирдагч Владимир Васильев хэллээ. Либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский Пехтиний шийдвэрийг эрэлхэг зоригтой үйл хэмээн нэрлэв.

Түүнчлэн «Нэгдсэн Орос Улс» намын гишүүн тэрбумтан, «Олон улсын калийн компанийн» эзэн Анатолий Ломакин мөрдөн байцааж эхлэхийг хүлээлгүй мандатаа буцаав. Өөр хэдэн хүн ийм алхам хийх гэж байна. Шинжээчид мөн үйл явдлыг нэг утгаар үнэлэхгүй байна. Депутатууд Улсын думаас гарч явж байгаа нь хууль тогтоох байгууллагын нэр төрийг гутааж байна гэж хэдэн шинжээч үзэж байхад өөр хэсэг нь засаг өөрийн эгнээг цэвэрлэж байна гэжээ.

Шинэ хандлага Орос улсад тодров. Бизнес улс төрийн хүрээнээс гарч байна гэж Олон улсын улс төрийн магадлан шинжлэх хүрээлэнгийн захирал Евгений Минченко тэмдэглэн хэлээд

«Миний бодоход одоо томоохон бизнес юуны түрүүнд бүс нутгийн бизнесийн төлөөлөгчид засгийн эрхэнд гарахынхаа өмнө асуудлыг сайтар эргэцүүлэн бодох юм. Цаашдаа огцрох эсэх нь зарчмын хувьд чухал биш. Хамгийн гол нь Улсын думд бизнес эрглэгчид байх ёсгүй. Энэ чиг бодлогыг баримтласнаар эрх баригч намын байр суурь бэхжив. Ямар ч зэмлэл хүлээгээгүй өөр хоёр депутат Пехтинтэй хамт явсан нь засгийн дүр төрхийг нэлээд сайжруулна гэж үзэж байна» гэлээ.

Байдлаас харахад оросын депутатууд юуны түрүүнд хууль тогтооч, улс төрч эсвэл үйлдвэрлэл эрхлэгч, хилийн чанадад санхүүгийн ашиг сонирхолтой этгээд байх шийдвэр гаргах цаг болсон шиг байна.