Орос улс БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээнд оролцсноороо Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаахад туслана гэдэгт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пан Кын Хе найдаж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрогт суугаа бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев Пак Кын Хетэй Сөүлд уулзсаны дараагаар хэвлэлийн алба нь өнөөдөр мэдээллээ.

Манай орон ОХУ-тай тал бүрийн найрсаг харилцаатай байх нь чухал гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Түүнчлэн Өмнөд Солонгос Оросын Алс Дорнодын бүс нутагтай хамтран ажиллавал зохино гэж тэрээр онцлов.

Орос улс Өмнөд Солонгостой сайн хөршийн найрсаг харилцаатай байхыг ямагт эрмэлзэж байгааг Ишаев өөрийн зүгээс тэмдэглээд хоёр талын харилцааны чадавхийг бүс нутгийн хөгжилд ашиглахыг онцлов. Орос улс бүс нутгийн энх тайван, тогтонги байдлыг хангах нэн чухал болзолын хувьд Солонгос хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засгийн харилцан ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэж Ишаев нэмж хэллээ.

Түүнчлэн талууд Орос, Өмнөд Солонгос, БНАСАУ-ын гурван талын харилцан ажиллагаа болон Солонгосыг дамнасан төмөр зам, Солонгосыг дамнасан хийн хоолойн үйл ажиллагааны асуудлыг авч үзэж хэлэлцсэн байна.

Ишаев өчигдөр БНСолонгос Улсын ерөнхийлөгч Пак Кын Хе тангараг өргөх ёслолд оролцсон ОХУ-ын төлөөлөгчдийг ерөнхийлөгчийн даалгавраар тэргүүлэв.