Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлэг ням гариг бүрт нэвтэрч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү?

Орос улсад өвлийн улирал дуусах дөхөж байна. Энэ жилийн өвөл их хүйтэн, цас ихтэй өнтэй жил байлаа. Одоо тэсгим хүйтэн буурч, цас орох нь улам цөөрч байна. Хүмүүс өвлөөс уйдаж, хаврыг тэсч ядан хүлээж байна. Эл сэдэвтэй захидлыг бидэнд Өвөрхангай аймгаас Цэцэн ирүүлжээ.

«Тэр захидалдаа, би танай радионэвтрүүлгийг байнга сонсдог. Мөн танай интернет сайтыг идэвхитэй уншдаг. Өвөл гадаах ажил багасдаг, тиймээс чөлөөт цаг илүү болдог. Энэ жилийн өвөл өнтэй сайхан жил байлаа. Хүйтэвтэр хирнэ нартай сайхан байсан. Гэхдээ хаврын урь ороход өвлийн ядаргаа мэдрэгдэж байна. Та бүхэн үүнийг яаж давах тухай зөвлөмж зөвлөгөө өгвөл сайн байна» гэжээ.

Цэцэн! Энэ бол үнэхээр ярих ёстой сэдэв байна. Өвлийн урт шөнүүд, богино өдрүүдэд, нарны туяа ховордсоноос бидний дархлаа суларч, бие махбодь маань сул дорой болж, оюун санаа хүртэл сэтгэхдээ удаан болдог. Энэ бүгд нь аминдэмийн хомсдолтой холбоотой юм. Тэгвэл өвлийн энэхүү ядаргаатай хэрхэн яаж тэмцэх вэ?Эмч нар аминдэм болон шинэ жимсний шүүс ууж, тод өнгийн хувцас өмсөх ба өөрийгөө тод өнгийн цэцгүүдээр хүрээлүүлж, эрүүл агаарт аль болох удаан байж, идэвхитэй амьдралаар амьдрахыг зөвлөж байна. Эдгээр энгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх юм бол өвлийн ядаргаанаас амархан ангижирч болно.

Харин Цэцэн танд зориулж нэгэн хөгжилтэй хаврын дууг сонсгоё. Энэ дуу бол “Браво” хамтлагийн дуулсан “Ветер знает”/”Салхи мэднэ”/ дуу юм.

Шинэ жил зарим гэр бүлүүдэд баяртай мэдээ авчираад байна. Дархан хотоос манай сонсогч Санжидмаа бидэнд бичсэн захидалдаа:

«Сайн байцгаана уу? “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн хамт олон та нарт энэ өдрийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе! Танай нэвтрүүлэг байнга сонирхолтой, ашиг тустай сайхан мэдээлэл өгч байдагт би баяртай байдаг. Саяхан манай гэр бүлд нэгэн баяртай үйл явдал боллоо. Миний эгч хүү төрүүлсэн юм. Түүнд Билгүүдэй гэж нэр өгсөн. Танай нэвтрүүлгээр дамжуулан тэдэнд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж буйг минь уламжилж өгнө үү бэлэг болгон тэдэнд нэгэн сайхан дуу сонсгож өгнө үү? Түүнчлэн Орос улсад хүүхдүүддээ ямар нэрийг голдуу өгдөг тухай ярьж өгвөл сонин байна» гэж Санжидмаа захидалдаа бичжээ.

Эрхэм Санжидмаа, бид эгчид тань хүүтэй болсонд нь баяр хүргэхийн хамт танд бас баяр хүргэе. Хөөрхөн бяцхан Билгүүдэй хүүд эрүүл чийрэг өсч бойжин эх, эцэг, эмээ өвөө, ах эгч нараа үргэлж баярлуулж байх болтугай гэж ерөөе.

Одоо таны сонирхсон асуултанд хариулъя. Орос улсад хамгийн их дэлгэрсэн нэрсийн жагсаалт жил бүр өөрчлөгддөг. 2012 онд хамгийн их дэлгэрсэн эрэгтэй хүний нэр: Александр, Сергей, Дмитрий, Андрей, Алексей, Максим, Евгений, Иван, Михаил болон Артём байжээ. Александр гэдэг нэр нь хэдэн жилийн турш энэхүү жагсаалтыг тэргүүлж байна. Харин статистикийн мэдээгээр эмэгтэйчүүдийн нэрүүд дунд сүүлийн хэдэн жилийн турш хамгийн их дэлгэрсэн нэр бол Анастасия гэдэг нэр байна. Үүнтэй адил Елена, Ольга, Екатерина, Татьяна, Мария, Ирина болон Юлия нэрийг бас их өгч байна. Оросууд охидоо эртний орос нэрээр их нэрлэдэг болж байна. Жишээ нь, Таисия, Арина, Варвара, Ульяна болон Василиса.

Одоо бяцхан Билгүүдэйдээ зориулж хосгүй дуучин Анна Германы дуулсан “Идёт ребенок по земле” /”Хүүхэд хөлд орлоо ”/ дууг сонсгоё.

«Манай шуудангийн хайрцагт» дараагийн захидлыг бидэнд Эрдэнэт хотоос Золбоо ирилжээ. Тэр захидалдаа:

«Танай радио нэвтрүүлгийг би сонсох дуртай. Ялангуяа, надад оросын хотуудын тухай нэвтрүүлэг таалагдсан. Би ОХУ –ад нилээд хэдэн удаа явж байсан. Ихэнхидээ би Москвад очсон доо. Харамсалтай нь, хамгийн сүүлийн удаа би арван жилийн өмнө л явсан. Москвагийн метроны цар хүрээ, гоё сайхан миний сэтгэлийг хөдөлгөдөг байсан. Тэгээд та бүхнээс Москвагийн метрополитены түүх болон сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн талаар нэвтрүүлгээрээ ярьж өгөхийг хүсч байна» гэж бичжээ.

Эрхэм Золбоо!Бид таны хүсэлтийг дуртайя биелүүлж Москвагийн метрополитены тухай танилцуулъя.

Москвагийн метрополитен дэлхийд эрчимтэй ашиглалтаараа дөрөвдүгээрт ордог. Метроны станцууд тансаг чимэг засал болон давтагдашгүй дизайнаараа нэртэй юм.

Москвагийн метрополитен анх 1935 онд байгуулагдсан. Эхний ээлжээр нийт 13 станцыг ашиглалтанд оруулжээ. Одоо 188 станцтай, эдгээрийн 44 нь соёлын өвийн төвд тооцогддог.

Метрополитены түүхэнд хамгийн хүнд үе нь 20-р зууны дайны 40-өөд онуудад байжээ. 1941 оны 10-р сарын 15 нд фашистууд Москвад тулж ирээд байлаа. Москвагийн метрополитеныг стратегийн чухал объектын хувьд хааж, гурван цагийн дотор устгах тушаал иржээ. 1941 оны 10-р сарын 16 ны өдөр Москвагийн метрополитены түүхэнд зорчигчдод хаалттай байсан цорын ганц өдөр болсон юм. Энэ өдрийн үдэш тушаалыг цуцалсан . Агаарын довтолгооны үед метрог хүн амын бөмбөгнөөс хорогдох байр болгож ашиглаж байв. Хүнд хэцүү үед гинээр 7 станцыг барьж байгуулсан. Жишээ нь, манай радиогийн байр байдаг “Новокузнецкая” станц нь 1943 оны 11-р сарын 20 нд байгуулагджээ.

Дайны дараа шинэ шугам барьж байгуулах ажил эрчимжсэн. Жил бүр Москва хот өргөжин тэлэхийн хамт метроч бас тэлж байдаг. Москва хотын дарга Сергей Собянин 2020 он гэхэд Москва хотноо шинээр 150 км урттай 70 станцыг барьж байгуулна гэж амласан. Шинэ шугамууд болон станцууд нь зам тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тус дэм болно гэдэгт түшмэдүүд итгэлтэй байна.

Манай сонсогчид янз бүрийн ажил мэргэжлийн, янз бүрийн насны хүмүүс байдагт бид баяртай байдаг юм. Саяхан бидэнд Өвөрхангай аймгаас Оргил захидал ирүүлжээ. Тэр захидалдаа:

«Би дунд сургуульд сурдаг. Танай нэвтрүүлгийг сонсох дуртай. Бас би амьтанд их хайртай, малын эмч болно гэж боддог. Манайх адуутай, бас зуу гаруй хоньтой. Бас нохой, муур ч бас байгаа. Оросууд гэртээ ямар амьтан тэжээдэг тухай ярьж өгнө үү?» гэж Оргил бичжээ.

Оргил оо! Малын эмчийн мэргэжил гэдэг бол тун сайхан мэргэжил шүү. Учир нь мал эмнэлэг бол ашиг тустай, ялангуяа, хөдөө газар. Орос улсын хөдөө газруудад хонь, морь болон үхэр сүрэгтэй таардаг. Мал маллаж амьдардаг малчин хүмүүс ч бишгүй бий, мөн морин спорт сонирхогчид болон морь үржүүлдэг газар ч бас байдаг. Оросууд муур, нохойд их хайртай учир, гэртээ тэжээх нь олонтоо байдаг. Зарим айлд бүр хоёр ч нохой байдаг, бас нохой муур хоёр нэг гэрт амьдрах нь ч бас байдаг. Тэд их эв найртай амьдарцгаадаг олон жишээ байдаг юм. Гэрийн тэжээвэр амьтны хувьд муур тэжээх нь илүүтэй байдаг. Түүнчлэн олон гэр бүл хомяк, усан гахай, гэрийн харх, туулай зэргийг тэжээдэг. ГОо сайхныг бишрэн шүтэгчид аквариумын загас болон тоть шувуу тэжээдэг. Оросууд халуун орны амьтдыг бас их тэжээдэг болсон. Зарим хүн могой, шувуугаар хооллогч аалз,тэр ч бүү хэл бүр жижгэвтэр матар тэжээдэг болсон. Гэхдээ оросуудын дийлэнхи нь дөрвөн хөлт анд –муур, нохойгоо илүүд үздэг.

Оргил оо! Бид чамд зориулж Тамара Чубинидзегийн дуулсан “Унага” дууг сонсгоё.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох, ямар дуу хөгжмийн мэндчилгээ хүсч байгаагаа бидэнд манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.