Солирын тэчьяадал өнгөрч буй долоо хоногт намдсангүй. Оросын Челябинск хотын оршин суугчид томоохон солир унасан шокоосоо гарч амжаагүй байтал Балтын тэнгисийн тэнгэрт галан зураас үлдээсэн байна. Эрдэмтэд солирын хэлтэрхийнүүдийг цуглуулан судлаж, сансарын зочны гарал үүслийн тухай таамаглал дэвшүүлж байна. Харин төр засаг нь урилгагүй зочны айлчлалын хор уршгийг арилгасаар байна.

Гуравдах өдөр буюу 2-р сарын 20-ны шөнө Эстон, Латв, Финлянд улсуудын дээгүүр тэнгэрийн гэрэлтэй биет үзэгдсэн байна. Нүдээр харсан хүмүүс хүчтэй дэлбэрэлт сонссон байна. Латв улсын эрэг орчмын тэнгист солир унасан байж магадгүй гэж тус улсын одон орныг судлах төв үзэж байгаа юм байна. Харин уралын Челябинск хотод яг энэ үеэр сансараас ирсэн өөр нэг зочноос үүссэн хор уршгийг арилгаж байлаа. Уралын нурууны орчим 2-р сарын 14-нд томоохон солир дэлбэрсэн юм. Энэ солир манай гаригийн агаар мандалд орохдоо 17 метрийн диаметртэй, 10 мянган тонн жинтэй байсан гэж ОУ-ын ШУА-д үзэж байгаа юм. Дэлбэрэлт болсны дараа хэлтэрхийнүүд нь Челябинск хотын орчим унасан ба хамгийн том хэлтэрхий нь Чебаркуль нуурын ёроолд нойрсож байгаа бололтой. Дэлбэрэлтийн долгионы цохилт нь олон байрны цонхны шилийг хагалсан юм. Мянга таван зуу гаруй хүн эмнэлэгийн тусламж авсан байна. Хэлмэгдсэн гэр бүл бүрт байшин болон байраа сэргээн засварлахад нь зориулж Челябинск хотын захиргаа 50 мянган рубль буюу 1700 орчим доллар төлсөн байна. Нийт хохирол нь 1 тэрбум доллароор үнэлэгдэж байна.

Чебаркуль нуурын ойр орчмоос эрдэмтэд хэдхэн миллиметрийн хэмжээтэй 50 орчим солирын хэлтэрхийнүүд олсон байна. Орчин цагын багажнуудын тусламжтайгаар энэ нь тэнгэрийн биет гэдгийг тодорхойлж чадсан байна. Энэ нь жинхэнэ чулуун солир гэдэг нь эргэлзээгүй гэж Уралын холбооны их сургуулийн солир хайх экспедицийн тэргүүн Виктор Гроховский ОДХ радиод ярьсан байна: «Энэ бол жирийн чулуун солир юм. Найрлагад нь стандартын эрдэсүүдийн цуглуулга байгаа нь солирын төрлийн тухай шууд өгүүлж байна. Зөвхөн сансарт бий болдог эрдэсүүдээр нь бид солирыг газар дээрхээс нь ялгадаг юм. Газар дээр ийм бүтэц байдаггүй юм» гэж тэр ярилаа.

Сансарын уудмыг ажиглаж байгаа газрын нэг ч станц ийм том солирыг яагаад урьдчилан олж хараагүй вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч байгаа юм.Энэ солир секундэд 30 километрийн хурдтайгаар манай Дэлхий рүү нисэж ирсэн ба түүнийг зөвхөн агаар мандалын нягт давхарагад орох үед нь л илэрүүлсэн байна. ОУ-ын ШУА-ийн Солир судлалын хорооны орлогч дарга Михаил Назаровын саналыг сонсоё: «Энэ биет нь солирын хувьд томд, харин сүүлт одны хувьд жижигт орох тул түүнийг сансарт ажиглаж чадаагүй юм. Агаар мандалд орохоос нь өмнө илэрүүлэхэд маш түвэгтэй юм. Агаар мандалд сайн харагдах үедээ тэр солир минут хагас л нисэж байгаа юм. Энэ хугацаанд солир хаана унахыг л хэлж амжихаас өөр юу ч хийж чадахгүй» гэж тэр хэллээ.

Харин оросын эрдэмтэдэд сансарын аюулын эсрэг ажиллагаа явуулах бэлэн хөтөлбөр байгаа юм. Зохих системийн бүрэлдүүн хэсгийг тодорхой заасан баримт бичиг Роскосмост өнгөрсөн жилээс хойш байгаа бөгөөд түүнийг тус нэгдэл сайшаасан юм. Арван жилийн туршид 58 тэрбум рубль буюу бараг 2 тэрбум доллар зарцуулах төслийг хэтэрхий үнэтэй байна гэж тэр үед үзсэн юм. Челябинскын түүх иймэрхүү зардал нь байх ёстой зүйл гэдгийг түшмэдүүдэд ойлгуулах байх гэж найдаж байна. Челябинскт болсон үйл явдал нь солир болон сүүлт одны аюулаас хамгаалах олон улсын хөтөлбөрийг нэн даруй боловсруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг батлаж өглөө гэж оросын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Николай Патрушев өөрийн зүгээс мэдэгдсэн байна.