Камчаткийн Плоский Толбачик хэмээх дэлбэрч байгаа галт уулнаас холгүй жуулчдын баазыг байгуулна. Сэтгэл хөдөлгөм үзвэрийг сонирхсон хүмүүст майхант лагерь байгуулах юм. Аялагчдын аюулгүй байдлыг хангахын тулд галт уул судлаачид болон Онцгой байдлын яамны ажилтнууд холгүй байрлана.

Камчаткийн 3 мянга гаруй метр өндөр галт уул бараг гурван сарын турш дэлбэрсээр байна. Энэ галт уулны идэвхжил байн байн нэмэгдэж, намжиж байдаг. Толбачик 30 гаруй жилийн турш тайван байсан. Энэ удаагийн дэлбэрэлт нь мэргэжилтнүүдийн хувьд гэнэтийн үйл явдал болсон гэж Оросын ШУА-ийн Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Мефодий Магуськин тэмдэглэн хэлээд

«Толбачикийн урьдын дэлбэрэлтээс хойш хэдэн зуун жил дэлбэрэлт болохгүй гэж үзэж байсан. Гэвч энэ галт уул гэнэт дэлбэрсэн» гэв.

Мэргэжилтнүүдээс өөр хүмүүс галт уулны дэргэд бас байрлсан байна. Дэлбэрэлт үргэлжилж байгаа үед адал явдал сонирхох ба байгалийн аюултай үзэгдэл харах дуртай 2000 гаруй хүн тийшээ очоод байна. Хайлмаг урсах бүст очих аялал жуулчлалын зохион байгуулалтгүй хэсгүүд гай гамшигт нэрвэгдэж мэднэ гэж мужийн аялал жуулчлалын агентлагийн тэргүүн Геворк Шхиян үзэж байна. Аюулгүй чиг зам, майхан бүхий тусгай бүсийг Толбачик орчимд байгуулах хэрэгтэй гэж тэрээр хэлээд

«Тэнд юу болохыг урьдчилан таварлах аргагүй учир түр лагерийг байгуулж болно. Хайлмагийн урсгал ойртвол баазыг яаралтай нүүлгэнэ. Тэнд жорлон, мод түлш, ус ба майхант лагерь байгуулах талбай шаардагдана. Хамгийн гол нь аялагчдын чиг замыг үргэлж ажиглаж, аюулгүй байдлы нь хангаж, байнга холбоо барих хэрэгтэй» гэв.

Дэлбэрэх хэсэгт нь тун ойртохгүй бол галт уулны дэргэд «сууж» болно.Цагт хэдэн зуун метр хурдацтай хайлмагийн урсгал төдийгүй хорт хий тухайлбал хүхрийн диоксид аюултай. Толбачик «догшин авиртай» боловч илүү удаан дэлбэрэхгүй байгаа өөр галт уулнаас тайван байна.

Жишээ нь кавказын нэрд гарсан Эльбрус сүүлчийн удаагаа 1000 гаруй жилийн тэртээ дэлбэрсэн билээ.Энэ зуунд тэр дэлбэрч болзошгүй. Тэгсэн үед түүнд ойртох хэрэггүй гэж Москвагийн УИС-ийн Штернбергийн нэрэмжит хүрээлэнгийн геодинамикийн лабораторийн эрхлэгч Вадим Милюков «Оросын дуу хоолой» радиод тайлбарлан хэлээд

«Галт уул нэлээд удаан тайван байсан бол илүү хүчтэй дэлбэрнэ гэдэг. Толбачик байн байн дэлбэрч байгаа учир аюултай биш.Сицилийн Этна галт уултай адилхан байна.Тэр жилд хоёр-гурван удаа дэлбэрдэг. Дэлбэрэлт нь нэг ёсны шоу болсон. Хүмүүс ирж хардаг. Аялал жуулчлалын үүднээс сонирхолтой байна» гэв.

Суулийн уед Камчаткад хэдэн галт уул нэг зэрэг дэлбэрэв. Шевелчук, Кизимен, Плоский Толбачик гурав нисэх онгоцны нислэгт аюултай юм. Ямар учраас чухам Толбачик сонирхол татаж байна вэ? гэсэн асуултад мэргэжилтнүүд хариулахдаа тэр 1975-1976 онд дэлбэрэх үеэр дэлхийн бараг бүх галт уул судлаач энд цугларснаар онцлогтэй гэжээ. Түүнээс гадна ховор үзэгдэл- буцлаж байгаа хайлмагийн нуурыг үзэж болно. Ийм нуур зөвхөн Антарктид, Гавайн галт уулнуудад байдаг. Камчаткад ийм нуур саяхан болтол үгүй байсан.

Толбачик Алс Дорнодын галт уул судлалын хоёр байрыг устгасан боловч эрдэмтэд түүнийг судласаар байна. Энэ удаагийн дэлбэрэлтийг тэд хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан нэг ёсны бэлэг хэмээн үзэж байна. Эрдэмтэд «Галт уул, газар хөдлөлтийн судлалын хүрээлэнгийн 50 жилийн ойн нэрмэжит галт уул» гэсэн нэр түүнд өгчээ.