Өчигдөр орой Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний үндэсний эвслийн төлөөлөгчид Москва, Вашингтон хоёрт айлчлах урилгыг хүлээн авахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ. «Дэлхийн хамтын нийгэмлэг сирийн пуужингаар эртний Алеппо хотыг устгаж байгааг үл тоомсорлон үг дуугүй байгааг эсэргүүцэж, эдгээр урилгыг хүлээж авахаас татгалзсан гэж эвслийн төлөөлөгчид мэдэгдсэн гэж Ройтер агентлаг тэмдэглэжээ. Түүнээс гадна сөрөг эвслийн төлөөлөгчид 3-р сард Ромд болох «Сирийн анд» гэгч олон улсын бүлгийн уулзалтад оролцохоос бас татгалзсан байна.

Сөрөг хүчний мэдээлснээр өчигдөр сирийн аж үйлдвэр, худалдааны төв Алеппог «Скад» маягийн пуужингаар буудсаны улмаас 30 орчим хүн амь үрэгдснийг Ройтер агентлаг тэмдэглэв.

Ерөнхийлөгч Башар Асадаас булааж эзлэсэн сирийн нутагт өөрийн засгийн газрыг эмхлэн байгуулах бодолтой байна гэж сирийн сөрөг хүчин зарлан мэдээлсэн тухай Франс Пресс агентлаг уламжлав. Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний үндэсний эвслийн төлөөлөгч Валид аль-Бонни өчигдөр Каирт сөрөг эвслийн хуралдаан хийсний дараа энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ. 3-р сарын 2-нд Стамбулд Үндэсний эвслийн хуралдаанаас сөрөг засгийн газрын бүрэлдэхүүн ба сөрөг ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшэгчийн талаар шийдвэр гаргах юм.

2011 оны 3-р сараас хойш Сири улсад эрх баригчид, зэвсэгт сөрөг хүчний сөргөлдөөн зосоо зайгүй үргэлжилж байна. НҮБ-ын сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад энэ завсар тус улсад 70 мянга орчим хүн амь үрэгджээ. Гаднаас дэмжлэг авч байгаа сайн зэвсэглэсэн террористууд эсэргуцэл үзүүлж байна гэж Сири улсын эрх баригчид мэдэгджээ.