Дамаск хотын төвд 50 гаруй хүнийг хөнөөсөн террорын ажиллагаанаас хойш Сири улсын байдлыг удахгүй зохицуулах төлөв эргэлзээтэй болсон. АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров нар 2-р сарын 26-нд Берлинд уулзаж, эл асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.Гэвч уулзалт одоогоор өөдрөг үзэл төрүүлэхгүй байна.

Дамаскад явуулсан террорын ажиллагааг буруушаасан Орос улсын бэлтгэсэн НҮБ-ын АЗ-ийн төслийн мэдэгдэлд АНУ хориг тавьсан явдал гайхал төрүүлсэн гэж Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзахынхаа өмнө хэлсэн билээ.Энэ нь хоёр нүүрт бодлогын илрэл хэмээн Москва үзэж байна гэж Лавров өнөөдөр Москвад БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечитэй уулзсныхаа дараа хэлжээ.

2-р сарын 24-нд Жон Керри Европ, Ойрхи Дорнодоор анхны аялал хийхээр мордоно. Вашингтон Сири улсын байдлыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай хийх уулзалтын гол сэдвийн нэг болгохыг эрмэлзэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Виктория Нуланд энэ тухай мэдэгдээд

«Сири улсын байдал санал шүүмжлэлийн гол сэдэв болно гэдэгт бид найдаж байна. Оросын тал Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабиг хүлээн авч уулзсан. Сири улсын ГХ-ийн сайд удахгүй ирэх долоо хоногт Москвад хүрэлцэн ирнэ. Хэлэлцээ хийж, улс төрийн шилжилтийн үйл явцыг эхлүүлэхэд мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудыг итгүүлэх зорилгоор хамтран ажиллах тухай бид олон сар өгүүлж ирсэн» гэв.

АНУ сөрөг хүчинд хандан дэглэмтэй хэлэлцээ хийхийг зөвшөөрөхийг уриалж байна гэж Нуланд нэмж хэллээ. Түүний хэлснээр хэлэлцээ хаана ч түүний дотор Сергей Лавровын санаачилсанчлан Москвад ч хийж болно.

Сирийн асуудлаархи АНУ-ын байр суурь ерөнхийдөө зөөлөрч байна. Вашингтон, Москва хоёр харилцан ажиллах асуудлаар тохиролцож мэднэ гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долгов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Москва, Вашингтон хоёр Сири улс дахь хууль бус зэвсэгт бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлэхийг зогсоох асуудлаар тохиролцож мэднэ. Миний бодоход талууд эл асуудалд анхаарлаа төвлөрүүлнэ. Түүнээс гадна хэлэлцээ хийхийн тулд сөрөг хүчний бүлэглэлүүд, Сирийн удирдлагад улс төрийн шахалт үзүүлэх хэрэгтэй» гэв.

Сүүлийн үед Дохад байгулсан Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийн удирдлага уян хатан бодлого явуулж эхлэв. Дамасктай улс төрийн хэлэлцээ хийж болно гэж эвслийн удирдагч Муаз аль-Хатыб саяхан анх удаа хэллээ.

Сирийн чанадад байрлсан сөрөг улс төрчид бол Дамасктай сөргөлдөж байгаа хүчний зөвхөн нэг хэсэг юм. Зэвсэгт бүлгүүд орон нутгийн байдлыг тодорхойлж байна. Хэт радикал байр суурь баримтласан олонхи бүлэг «аль-Каидад» ойр байна. Байлдан дайтаж амьдарч дадсан бүлгүүдийн толгойлогчдод улс төрийн зохицуулалт хэрэггүй. Дамаскад удаа дараа явуулсан террорын ажиллагаа үүнийг нотлон харуулав.