Дэлхийн хамтын нийгэмлэгээс умард солонгосын ээлжит цөмийн туршилтад хэрхэн хандахыг урьдчилан тааварлаж болох байсан. Дипломат ажилтнууд хатуу үг хэлж, шинэ хориг арга хэмжээ авна гэж БНАСАУ-ыг айлган сүрдүүлж байна. Гэсэн ч ийм улигт үйл ажиллагаа ямар ч нөлөө бараг үзүүлэхгүй байна.

Умард Солонгос 2006 оноос хойш олон улсын хоригийн бай байсаар байна. Энэ завсар тус улс цөмийн хоёр туршилт хийж, гурван пуужингаа хөөргөв. Умард Солонгост  сайхан сэтгэлээр хандаж, олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн тусламжийг чухам хэнд чиглүүлж, хэрхэн ашиглаж байна вэ гэх мэт асуудал умард солонгосын удирдагчдад тавихгүй бол тус улс өөрөө цөмийн зэвсгээс таталзана гэсэн «зөөлөн чиг бодлого» баримтлагчдын үйл ажиллагаа бас үр дүнд хүрсэнгүй. Ийм бодлого эхлээд 1994-2002, дараа нь 2007-2008 онд явуулсан нь Пхеньяний пуужин-цөмийн сэхүүн санаархалд огт нөлөөлөөгүй байна.

Умард Солонгос бүр хагас зуун жил цөмийн хөтөлбөр дээр ажиллаж байна. Тус хөтөлбөр бүр эхнээсээ цэргийн зорилттой байсан. Цөмийн бөмбөг бүр өнгөрсөн зууны 50-д оны сүүлээр Умард Солонгосыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений хүсэл мөрөөдөл болсон гэх үндэс бий. 1980-д онд зөвлөлтийн шинжээчид умард солонгосын цөмийн хөтөлбөр цэргийн чиглэлтэйд эргэлзэхгүй байсан хийгээд үүнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн билээ. Пхеньян цөмийн хетөлбөртөө хэдэн тэрбум доллар зарцуулав.

Одоо тус улс гаднын нөлөөгөөр эсвэл тусламж горилж хөтөлбөрөө зогсооно гэх нь ор үндэсгүй таавар болно.

Пхеньян пуужин-цөмийн статустай болохыг хичээж байгаа нь учиртай. Умард Солонгосын удирдлага цөмийн зэвсгийг Ирак, Ливи улсуудын удирдагчдын гунигт хувь заяаг давтахгүй баталгаа хэмээн үзэж байна. 2-рт цөмийн зэвсэггүй байвал Умард Солонгосын бусдыг айлган сүрдүүлэх боломж нь хязгаарлагдахыг Пхеньян ойлгож байна. Эдгээр шалтгааныг эргэлзээтэй хэмээн үзэж, маргалдахад хэцүү. Ийм хандлага нь зөв биш гэдэгт умард солонгосын удирдлагыг итгүүлэх аргагүй.

Энэ нь дэлхийн хамтын нийгэмлэг мөн байдлыг арга буюу тэвчинэ гэсэн үг. 1-рт Умард Солонгос пуужин-цөмийн зэвсэгтэй гүрэн улс болж, ойрын үед ийм статустай хэвээр байхыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Энэ нь Орос улсыг оролцуулан хөрш орнуудад сайн төлөвтэй биш байна. Гэсэн ч өөрчлөх аргагүй зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Гэвч дэлхийн хамтын нийгэмлэг Пхеньянтэй пуужин-цөмийн асуудлаар яриа хэлэлцээ хийх гэсэн оролдлогоосоо татгалзах ёсгүй. Умард Солонгосыг цөмийн гүрэн улс болгож хувиргах үйл явцыг зогсоож болохгүй. Харин энэ үйл явцыг удаашруулж, хяналтдаа авч болно.

Цөмийн зэвсгээс хэрхэвч татгалзахгүй. Гэвч пуужин-цөмийн чадавхиа хягаарлах асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Умард Солоногос нэг бус удаа мэдэгдсэн юм. Өөрөөр хэлвэл геополитикийн гол гол этгээдээс эдийн засгийн мэдэгдэхүйц тусламж үзүүлж, улс төрийн найр тавьсны хариуд умард солонгосын пуужин-цөмийн хөтөлбөрийг зогсоох, тус улсын цөмийн гол гол барилга байгууламжийг олон улсын хяналтад авах асуудлаар тохиролцож болно.

Үүнд мөнгө хөрөнгө шаарлдагдах нь мэдээжийн хэрэг. Умард Солонгос юу ч үнэ төлбөргүй хийхгүй. Гэвч мөн асуудлаар харилцан найр тавих замыг олж болно. Ийм арга зам цөөнгүй зэмлэл үүсгэж мэднэ. Гэвч эдүгээ өөр арга зам үгүй.Гарцаагүй зүйлийг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Дэлхий дахин цөмийн зэвсэгтэй Умард Солонгостой зэрэгцэн оршиж дасах ёстой.