Японы засгийн газар америкийн хямд занарын хийг улс оронд нь нийлүүлэхийг Вашингтоноос албан ёсоор хүсэх бодолтой байна. Ерөнхий сайд Синзо Абэ энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой хэлэлцээ хийх үеэрээ албан ёсны мэдүүлэг дамжуулж өгнө гэж өнөөдөр японы Киодо мэдээллийн агентлаг уламжлав.

Эдүгээ АНУ-д эрчимтэй үйлдвэрлэж байгаа занарын хий америкийн зах зээлд Япон улсаас худалдан авч байгаа шингэрүүлсэн байгалийн хийгээс барагцаалбал 5 дахин хямд байна. АНУ-аас занарын хий нийлүүлэхийг хориглосон юм. Түүнийг хилийн чанадад худалдах нь дотоодын зах зээлд үнийг нэмэгдүүлэх уршигтай болж мэднэ гэж АНУ болгоомжилж байна.

Япон улсад «Фукушима-1» АЦС-д осол гаргснаас хойш атомын бараг бүх реакторыг зогсоосон хийгээд илчит ЦС-ад түлш худалдан авах зардал эрс нэмэгдэв. Энэ нь 2012 онд Японы худалдааны балансыг урьд үзэгдээгүй алдагдалтай болгоход хүргэв.