Умард Солонгос нилээд хэдэн жилийн турш ЗХУ-ын 50-иад онд хүрсэн техникийн түвшинд хүрч цөмийн пуужингийн гүрэн болох төлөвтэй байна. Дэлхийн ХМХ-үүд умард солонгосын цөмийн пуужингийн чадавхын заналхийллийн талаар маш их ярьж байна, гэхдээ эл заналхийллийг маш буруу үнэлж дүгнэж байна.

Тайван судалгаа нь умард солонгосын цөмийн чадамж дэлхийн жишгээр бол туйлын ялимгүй бөгөөд мэдэгдэхүйц хэмжээний болтол хаа ч байсан юм бэ. Умард солонгосын пуужингууд нь нэг, хоёр хотыг бага зэрэг сүйрүүлэхэд л хүрэлцээтэй байх. Ингэхдээ Өмнөд Солонгосын, тэр ч бүү хэл АНУ-ын цэргийн хүчийг устгахад яавч хүрэлцэхгүй юм. Тэгээд ч умардын удирдлага АНУ-д юм уу, аль эсвэл тус гүрний аль нэг цөмийн стратегийн холбоотнуудад эхний цохилтыг өгөх юм бол тэр даруйдаа хариу цохилт үзүүлнэ гэдгийг ойлгож байгаа.

Үүний дүнд умардын хүн амын нилээд хэсэг төдийгүй умард-солонгосын элитүүдийн ихэнх хэсэг үрэгдэнэ.Харин хонгилд азаар амь үлдэх тэдгээр умард-солонгосын генералууд болон хүнд сурталтнуудыг Нюрнбергийн ижил процесс хүлээх болно.Умард солонгосын удирдлагуудыг цөмийн зэвсэг хэрэглэснийг дэлхий дахин уучлахгуй. Тиймээс БНАСАУ АНУ, Япон болон Өмнөд Солонгост цөмийн цохилт түрүүлж өгнө гэдэг юу л бол .

Ингэхэд умард солонгосын цөмийн зэвсэг бол нэгдүгээрт, барих зориготой хэрэглүүр болж байна. Үүний гол зорилго нь Умард Солонгос руу гаднаас довтлоход болон дотоодын хямралын үед юм уу, хувьсгалын босогчид гадаадаас дэмжлэг авах тохиолдолд эрэсдэлтэй байдлыг эрс бууруулахад оршино. Умардын удирдагчид дэлхий дахиныг байлдан дагуулах юм уу, эзлэн авахыг ерөөс санаархаагүй. Тэдний гол зорилго нь туйлын даруухан, ердөө л өөрсдийн засгийг болон эрх ямбыг хадгалахад л байгаа юм.

Ингэхдээ энэ нь умардын цөмийн хөтөлбөр хор холбогдолгүй гэж байгаа юм биш. Тэдний энэ хөтөлбөр үнэхээр дэлхий дахинд заналхийлэл дагуулж буй юм. Гэхдээ энэ нь шууд биш, тойруу утгаараа юм.

Нэгдүгээрт, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр түгшүүртэй байдлыг бий болгосон. Умард Солонгос нь 1968 оны цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй тухай гэрээнд хэзээ ч гарын үсэг зурж байгаагүй “шинэ” “гурван гүрэн -Энэтхэг, Пакистан, Израилээс ялгаатай нь туйлын эргэлзээтэй, тэр ч бүү хэл хар санаатайгаа харуулсан. Пхеньян эхлээд Гэрээнд гарын үсэг зурж, дараа нь цөмийн технологид нэвтрэхийн тулд эл байдлаа ашигласан, үүний дараа уг гэрээнээс гарсан. Хэрвээ эл явдлыг шийтгэлгүй үлдээх юм бол, 1968 оны гэрээний гишүүн бусад орнуудад БНАСАУ-ын жишгээр явах санаа төрөх ч юм билүү.

Хоёрдугаарт, умард солонгосын удирдлага цөмийн технологи болон төхөөрөмжүүдээ илүү үнэ өгсөнд нь худалдахад бэлэн байж болзошгүй юм. Тус улсын түүхэнд  үнэ хүрэх боломжтой бүхнийг, тухайлбал, хар тамхийг худалдасан ичгүүргүй явдал гарч байсан нь бий. Умард Солонгосын удирдлага ямарч нөхцөлд пуужингийн болон цөмийн технологуудаа худалдахгүй гэхэд итгэхэд хэцүү юм.

Гуравдугаарт, цөмийн зэвсгийг бүтээхэд болон хадгалахад хүчтэй осол гарахыг үгүйсгэхийн аргагүй юм. Умард солонгосын хориотой пуужингуудыг хөөргөх явцад техникийн алдаа, дутагдалууд гарсан байж болзошгүй юм. Хүйтэн дайны жилүүдэд АНУ болон ЗХУ нь техникийн алдаатай ажиллагааны улмаас цөмийн дайны ирмэгт нилээд хэдэн удаа тулж ирсэн байдаг. Тэгвэл умард солонгосын техник нь их гүрнүүдийн техникийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц найдваргүй байгаа. Ингээд үзэхэд, техникийн алдаанаас улбаатай дайны аюул занал хамаагүй их байна.

Дөрөвдүгээрт, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Зүүн-Азид цөмийн зэвсгээр хөөцөлдөхийг өдөөж байгаа нь ялимгүй бөгөөд бодит болзошгүй зүйл юм. Цаг нь болохоор Япон, Өмнөд Солонгос болон Тайвань цөмийн зэвсэгтэй болох нь дамжиггүй.

Тиймээс умард солонгосын пуужин болон цөмийн мэргэжилтэнгүүдийн амжилтанд баярлахын хэрэггүй юм. Эцэст нь тэдний хүчин чармайлтын дүнд манай дэлхий илүү аюултай болжээ. Гэхдээ эдгээр амжилттай холбоотойгоор заналхийллийг хэт үнэлж, хэт туйлширахын бас хэрэггүй юм.