Манай Дэлхийг сансарын аюулаас хамгаалах системийг байгуулахад Гариг дэлхийг хамгаалах оросын төвд 7 жил шаардлагатай. Манай гаригийг солир, сүүлт од болон маш аюултай сансарын биетүүдээс хамгаалах 24 хувилбар эрдэмтэдэд байна.

Сансарын биетийг радараар илэрүүлж чадахгүй нөхцөлд чухам юу хийх ёстой вэ гэдэг ас уудлыг Оросын тэргүүлэх эрдэмтэд болон аврагчид шийдвэрлэж байна. Уралын нуруунд 2-р сарын 15-нд яг ийм нөхцөл байдал бий болсон юм. Хүмүүс аюул тохиолдсон үед бөмбөгөөс хамгаалах байр, газар доорх бункер, метронд асар богино хугацаанд нуугдаж чадах системийг шинэчлэх болно. Мөн Гариг дэлхийг хамгаалах оросын төвийн мэргэжилтнүүд ойрын жилүүдэд тусгай зориулалтын хиймэл дагуулыг сансарт хөөргөх болно. Манай гаригт ойртох аюултай сансарын объектуудыг эдгээр хиймэл дагуулууд илэрүүлэх ёстой юм гэж Гариг дэлхийг хамгаалах оросын төвийн ерөнхий захирал Анатолий Зайцев ОДХ радиод ярьсан байна: «Үүний тулд телескоптой сансарын аппаратыг сансарт хөөргөх шаарлагатай юм. Ийм объектуудыг дэлхий дээрээс илэрүүлэх боломжгүй юм. Учир нь одон орон судлаачид газар дээрээс тэнгэрийн зөвхөн шөнийн хэсгийг хардаг юм. Гэтэл солир гэрэлтэй талаас ч нисэж ирэх магадлалтай билээ. Харин хоёр дахь алхам бол сансарын биетийг дэлгэрэнгүй судлах явдал юм. Үүний тулд тагнуулч пуужингууд шаардлагатай байгаа юм. Сансарын биетийг судлахын тулд тэдгээрийг богинохон траектороор богино хугацаанд хөөргөж болох юм. Эдгээрийн ирүүлсэн мэдээллийг үндэслэн амдан сөнөөгч аппаратуудыг хөөргөж болох юм. Хамгийн гол нь сансарын биетийн траекторыг өөрчлөх буюу сөнөөж манай гаригтай мөргөлдүүлэхгүй байх ёстой юм» гэж тэр ярилаа. Эрдэмтэдийн боловсруулах энэ шинэ систем нь Челябинскт унасан 10 метрийн радиустай солир болон үүнээс ч том хэмжээтэй сүүлт однуудаас манай дэлхийг хамгаалах ёстой юм. Челябинскийн солирын хэлтэрхийнүүдийг шинжлэн судалсан эрдэмтэд эдгээр хэлтэрхийнүүд нь хүний эрүүл мэнд болон экологт муугаар нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна гэж Уралын холбооны их сургуулийн хэвлэлийн албаны удирдагч Дмитрий Пенеманский ярьж байна: «Эдгээр хэлтэрхийнүүдийг хөрөөдөөд химийн анализ хийсэн ба солирын хэсэг болох нь тодорхой болжээ. Тус их сургуулийн эрдэмтэдийн эрлийн хэсэг солир унасан Чебаркуль нуурыг дахин зорьсон байна. Тэндээс солирын томоохон хэсгүүдийг олно гэж тэд найдаж байна. Үүнээс ажиглахад энэ жирийн нэг чулуун солир байсан гэдэг нь ойлгомжтой ба манай гаригийн амьдралд аюул учруулахгүй юм. Гэхдээ эрдэмтэдийн хувьд маш сонирхолтой юм» гэж тэр ярилаа.

Челябинскийн солирыг эрдэмтэд судлаж байх энэ үеэр нутгийн оршин суугчдын дунд өөр гаригийн чулууны хэлтэрхийнүүдийн жинхэнэ ангуучлал эхлээд байна. Сансарын биетийн хэлтэрхийг 15 мянган доллароор худалдах санал Интернетэд аль хэдийнээ гараад байна.