Умард Солонгос улсын түүхэнд гуравдахь удаагаа хийсэн цөмийн туршилт дэлхий дахинд “улс төрийн газар хөдлөлт” үүсгэлээ. Жижигхэн цөмийн төхөөрөмжийн газар дор хийсэн дэлбэрэлтийг АНУ-аас эхлээд Иран улс хүртэл дэлхий даяараа урьд хожид үзэгдээгүй эв нэгдэлтэйгээр шүүмжиллээ. Дэлхийн хамтын нийгэмлэгийн дараачийн алхам нь Пхеньяний эсрэг авах шинэ хориг арга хэмжээ байж болох юм. НҮБ-ын АЗ-д ийм шинэ тогтоолыг бэлтгэж байгаа тухай дипломат эх сурвалжаас тодорхой болоод байна.

Энэ удаагийн хориг арга хэмжээ хэр үйлчилгээтэй байх бол гэдэг л гол асуудал болоод байна. НҮБ-ын АЗ болон АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудын Умард Солонгос улсын эсрэг авч байгаа хориг арга хэмжээнүүд огт үйлчлэхгүй байгаа юм. АНУ-ын дайсагналын хариуд цөмийн туршилт хийнэ гэж мэдэгдэхдээ Пхеньян шинэ хориг арга хэмжээнд бэлэн байсан бололтой. Үүний дараа “илүү өргөн хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ авна гэж” Пхеньян сүрдүүлж байгаа ба энэ арга хэмжээний гол санааг задлаагүй байна.

Саяхны хийсэн туршилт нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн хөгжилд хийсэн эргэлт болсон тул нилээд хатуу хориг арга хэмжээ авхыг шаардаж байна гэж ОУ-ын ШУА-ийн Олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн орлогч захирал Василий Михеев үзэж байна: «Одоо АНУ, Орос, Хятад улсууд зэрэг цөмийн гурван гүрэн улс хүчин чармайлтаа нэгтгэх шаардлагатай байна. Цөмийн зэвсэг талаас нь Хойд Солонгос улсын зэвсгийг хураах нь тэдний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Зэвсгий нь яаж хураах вэ? Үйл ажиллагааныхаа бүх хувилбарыг хэлэлцэхийн тулд манай цэргийнхэн америк, хятадын цэргийнхэнтэй тулж ажиллах нь юу юунаас илүү чухал болооод байна. Тэр дундаа Хойд Солонгосын зөвхөн цөмийн объектуудад өгөх америкчуудын цэгэн цохилтыг ч авч үзэх хэрэгтэй» гэж тэр ярилаа.

БНАСАУ-ын цөмийн объектуудад цэгэн цохилт өгөх боломж нь хэзээч хүлээн авах аргагүй санал юм гэж Нийгэм, улс төрийн судалгаа, шинжилгээний төвийн захирал Владимир Евсеев үзэж байна: «Ийм хувилбарыг хүлээн авах аргагүй юм. Учир нь цөмийн зэвсгийн

задлах материалууд хаана хадгалагдаж байгааг хэн ч мэдэхгүй юм. Цөмийн объектуудын тухай мэдээлэл огт байхгүй эсвэл мэдээлэл байгаа объектуудад цохилт өгөх нь утгагүй юм. Ер нь иймэрхүү цохилтод хариу өгч л таарна. Энэ хариу цохилт эхний ээлжинд Өмнөд Солонгос улс руу чиглэгдэх болно. Хойд Солонгос улсад цохилт өгөх тухай биш түүнийг яаж шийтгэх тухай ярих шаардлагатай байгаа юм. Хятад-Умард Солонгос, Орос-Умард Солонгос улсуудын хоорондох хоёр талын хэлэлцээрүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. Эдгээр хэлэлцээрүүд дээр түгшүүртэй байдлыг дэвэргэхгүй, Зүүн хойд Азид зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг гааруулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал одоо хүрч болох хамгийн том үр дүн болох юм» гэж тэр ярилаа.

Харамсалтай нь тус бүс нутагт шинээр зэвсэглэлээр хөөцөлдөх явдал гарах магадлал өндөр байгаа юм. Өмнөд Солонгос улс өөрийн цөмийн хөтөлбөртэй болж өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох ёстой гэсэн уриа Сөүлд өнөөдөр сонсогдох боллоо. Харин иймэрхүү сэхүүн бодолтой хүмүүс тэнд одоохондоо цөөнх байна. Өмнөд Солонгос улсын засгийн газар иймэрхүү замыг албан ёсоор няцааж байгаа боловч ийм уриа байсаар л байна. Мөн Япон улсад ч цөмийн зэвсэггүй улсын статусаа болон энхийн үндсэн хуулиа эргэн харах, армиа болон зэвсэглэлээ шинэчлэх уриа сонсогдсоор байна. Ийм учраас зэвсэглэлээр хөөцөлдөх явдал улам гаарах боломж байгаа тухай түгшүүрийн дохио дэлдэх үндэслэл байгаа юм. Зүүн хойд Азид цэрэг улс төрийн идэвхижлийг нэмэгдүүлэхгүй байхын тулд бүх улсууд өөрийн хариу алхамынхаа хэмжээг нарийн тооцож, өөрийгөө хянах болон биеэ барихыг ОУ уриалж байна.