Умард Солонгос цөмийн туршилт хийснээ зарлан мэдээлэв. Дэлхийн хамтын нийгэмлэгээс хариуд арга хэмжээ авах гэж байна. Харин Сөүлд юм бүхэн тайван байна. Умард Солонгосын шинэ цөмийн туршилт аюул огт учруулахгүй гэж Өмнөд Солонгос үзэж байна.

Умард Солонгосын KCNA агентлаг хэр хэмжээгээрээ урьдынхаас бага боловч илүү хүчирхэг цөмийн төхөөрөмжийг дэлбэрүүлсэн тухай мэдээлэхдээ «туршилт Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг» тэмдэглэжээ.

Солонгосын хойгийн тухайд гэвэл өмнөд солонгосын тэргүүлэх «KOSPI Comhjsite Index» түр хагас цагаар доошлосон нь одоогоор умард солонгосын цөмийн туршилтын зохисгүй нөлөө үзүүлсэн ганц тохиолдол боллоо. Туршилт хийх гэж байгааг зах зээлд цагт нь мэдээлсэн учир мөн индекс эрс унаагүй гэж шинжээчид үзэж байна.БНАСАУ-ын хилээс 40 км зайтай орших Сөүлийн оршин суугчдын тухайд гэвэл умард солонгосын туршилт ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Оросын нэрт солонгос судлаач, Сөүлийн Кунмин их сургуулийн профессор Андрей Ланьков хэлэхдээ

«Сөүлийн байдал тайван байна. Урьдын цөмийн хоёр туршилт болон пуужингийн хөөргөлтийн дараа ч бас тайван байсан. Эдгээр пуужин-цөмийн үйл явуулгыг Сөүлд бараг хэн ч сонирхохгүй байна. Ийм ажил явуулга Өмнөд Солонгосын эсрэг биш АНУ-ын л эсрэг чиглэгдсэн гэж энд үзэж байна.

Иймээс Умард Солонгосын цөмийн зэвсгээс Өмнөд Солонгос эмээхгүй байна. Сөүлийн амьдрал ерийн байна. Дэлбэрэлтийн дараагаар би Сөүлийн их сургуулийн нэгэн байшинд очиж хэдэн цаг тэнд байлаа. Шалгалт, учрал, спорт гээд янз бүрийн сэдвийг хөндөн ярьж умард солонгосын атомын бөмбөгийг ердөө дурдахгүй байна.

Дэлбэрэлтийн тухай ХМХ мэдээнүүд нэлээд хатуу шинжтэй байв. Дэлбэрэлтийг албан ёсоор шийдвэртэй буруушаах бололтой. Гэвч энэ нь хэн бүхэнд хамаатай хурц асуудал биш хэмээн үзэж байна. Энэ удаагийн туршилт урьдынхтай адил Өмнөд Солонгос, Умард Солонгосын хоорондын харилцааг доройтуулахгүй» гэж Андрей Ланьков үзэж байна.

Дэлхийн хамтын нийгэмлэг БНАСАУ-ын цөмийн туршилтыг эрс буруушаав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пхеньяны ажиллагаанд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлээд НҮБ-ын АЗ-өөс үүний хариуд зохих арга хэмжээ авах ёстойг мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөегч Барак Обамагийн хэлснээр Умард Солонгосын цөмийн ба пуужингийн хөтөлбөрүүд дэлхий дахинд заналхийлж байна.

Обама Умард Солонгосын цөмийн туршилтыг бүс нутгийн тогтонги байдлыг бусниулж, цөмийн зэвсэг тархах аюул учруулж, НҮБ-ын АЗ-ийн олон тогтоол, БНАСАУ-ын олон улсын хэмжээнд авсан үүргийг зөрчсөн «өдөөн хатгах ажиллагаа» хэмээн нэрлэв.Түүнчлэн Москва, Лондон, Бээжин, Токио, Сөүл Пхеньяний туршилтыг эрс буруушаав.

Ийн нөхцөлд БНХАУ-ын байр суурь Умард Солонгост нэн чухал болсон. Умард Солонгос цөмийн туршилт хийвэл Бээжин түүнд эдийн засгийн тусламж үзүүлэхээ болино гэх мэт мэдээлэл сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн ХМХ гарсан билээ. Умард Солонгос өнөөдөр цөмийн шинэ туршилт хийснээрээ ийм туршилт Пхеньянд ноцтой хор холбогдолтой болж мэдэх тухай Хятад улсын «хатуу сануулгыг» тоомсорлсонгүй гэж өнөөдөр хятадын дипломат ажилтан Нью-Йоркод НҮБ-ын Төв байранд мэдэгдлээ.

Одоо Хятад, Орос, АНУ НҮБ-ын АЗ-д БНАСАУ-ын талаар илүү хатуу байр суурь баримтлах асуудлаар маш түргэн тохиролцоно гэж хятадын төлөөлөгч үзэж байна. «Умард Солонгосын энэ удаагийн ажиллагаа хятадуудыг сөрөх хэрэг болсон» гэж хятадын дипломат ажилтан онцлов.

Гэрэл зураг