Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак огцорсноос хойш өнөөдөр яг хоёр жил боллоо. 2011 оны 4-р сард шинэ эрх баригчид түүнийг баривчилж, хэргий нь шүүхэнд шилжүүлсэн билээ. Египет улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул 2012 оны 6-р сард Хосни Мубаракыг насаар нь шоронд хорих шүүхийн шийдвэр гаргав.

Мубарак бараг 30 жил эрх барьсан юм. ЗХУ-д суралцсан оросоор сайн ярьдаг офицер нисэгч Мубарак 1981 онд урьдын ерөнхийлөгч Анвар Садатыг хөнөөсний дараа Египет улсын ерөнхийлөгч болсон юм. Тэрээр засгийн эрхэнд гарсан явдлыг нийт олон баярлан баясаж угтан авсан билээ. 2011 онд Мубарак огцорсныг мөн адил баяртай хүлээж авчээ.

Харин Хосни Мубарак ерөнхийлөгчийн албан тушаал хашиж эхлэсэн хэдэн жилд багагүй үр дүнд хүрсэн гэж оросын Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Константин Труевцев хэлээд

«Эхний арван жилд амжилт гаргасныг Мубаракыг шүүмжлэгчид ч тэмдэглэж байна. Тэрээр улс орныхоо эдийн засаг, улс төрийн байдлыг тогтонги болгов. Египет улс өрнүүн хөгжиж эхлэв. Гэвч ямар нэг хүн засгийн эрхэнд бүр 30 жил байвал улс орны байдал зогсонги байдалд орж, урагш ахихаа больдог. Эдүгээ дарангуйлан захирах дэглэм түүхийн хөгжлийн обьектив үйл явцад харшлаж байна гэлээ.

Мубарак АНУ-тай нягт холбоотой байж, араб дахинтай харилцааг сэргээв. Садат эрх барьж байсан үед 1979 онд байгуулсан Израильтэй найрамдах Кэмп Дэвидын хэлэлцээрээс болж эдгээр харилцаа үнэн чанартаа зогссон билээ.

Гэвч Мубарак эрх барьж байсан үед Египет улс онц байдал тогтоосон дотоодын дэглэмтэй болов. Онц байдлыг дөнгөж 2012 оны 5-р сард цуцлав. Онцгой эрх мэдэл эсэргүүцлийн ямар ч хөдөлгөөнийг дарах боломж олгож байсан. Одоо Египет улсад засгийн эрхэнд гарсан «Лалын ахан дүүс» хөдөлгөөний олонхи гишүүн Мубаракын дэглэмийн үед шоронд хоригдсон билээ.

Одоо Египет улсын цаашдын хөгжил бүх улс төр судлаачийн сэтгэлийг түгшүүлэх гол асудал болсон. Эдүгээ Египетийг талибуудын Афганистан болгож хувиргах угтвар нөхцөл үгүй. Гэвч Египет улсад өөр хэдэн асуудал тулгарав. Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн дэд захирал нэрт египет судлаач Дмитрий Бондаренко хэлэхдээ

«Хэрэв Египет улс өнөөгийн чиг замаар удаан хөгжиж, байдал нь нэлээд удаан тогтворгүй хэвээр байвал дотоодын асуудлууд нь хурцдаж, арабын гол улсын статусаа алдаж мэднэ.Одоогоор ийм төлөв тааварлсан төдий зүйл хэвээр байна гэв.

Гэсэн ч Египет улсын өнөөгийн байдал өөдрөг үзэл санаа төрүүлэхгүй байна. Дотоод улс төрийн байдал нь даамжирч байна. «Лалын ахан дүүс» хөдөлгөөний засгийн эсрэг жагсаал цуглаан бараг долоо хоног бүр янз бүрийн хотод хийж байна. Тэмцэл хөдөлгөөн зогсоо зайгүй үргэлжилж байгаа болохоор хэдэн мужид онц байдал тогтоов. Сөрөг хүчин Мурсийг «шинэ Мубарак» гэжээ.

Ийм тодорхойлолтыг хэтрүүлэг хэмээн үзэх үндэс бий. 1-рт одоо египетийн оршин суугчид Мубаракын үеийнхээс илүү өргөн улс төрийн эрх чөлөөтэй байна. 2-рт эдийн засгийн байдал хоёр жилийн өмнөхөөс илүү сул дорой болж, улам доройтсоор байна. Египетийн өнөөгийн эрх баригчид маш хүнд түвэгтэй асуудлуудад хариу өгөх ёстой. Хариу олж чадах уу? Энэ нь өнөөгийн хамгийн хүнд түвэгтэй асуудал юм.