Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү?

Өнөөдөр битүүний өдөр. Сар Шинийн баярын өмнөх өдөр. Идээ шүүсээр тавгаан дүүргэж, Усан могой жилээ угтан тосох эрхэм тансаг өдөр. Эрт дээр үеэс улбаатай, Өвөг дээдсээс уламжлалтай, Өнө мөнхөд үргэлжлэх үндэсний их баярын өмнөх энэ өдөр “Оросын дуу хоолой” радиогийн хамт олон та бүхэнд элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, мал сүрэг тарган тавтай Сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн өргөн дэвшүүлж байна!

Бид уламжлал ёсоор манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгээ та бүхний ирүүлсэн захидлаар эхлэж байна.

Бидэнд Эрдэнэт хотоос Хорлоогийн Дулаан захидал ирүлжээ. Тэр захидалдаа, Та бүхэнд Сар шинийн баярын мэнд хүргье! Могой жил та бүхний ажил үйлсэд амжилт авчирч, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай! гэж бичжээ.

Улаанбаатар хотын манай сонсогч Ц.Гаадамба ирүүлсэн захидалдаа, Танай нийт хамт олонд гарч байгаа удахгуй гарах усан Могой жилийн мэндийг хүргье! гээд энэ сайхан гэгээн баяр бол хуучин оноо үдэж, шинэ жилээ угтаж байгаа төдийгүй Хавар ирж буйн баяр юм. Шинэ жилийн эхний өдөр Хаврын тэргүүн сарын Шинийн нэгэн байдаг нь учиртай юм. Энэ дашрамд, нутаг нэгт бүх монголчууддаа Сар шинийн баярын мэнд хүргье! гэжээ.

Бид манай нийт сонсогчдод Сар Шинийн баярын мэнд хүргэж, Чойдогийн хөгжим “Монголын сайхан орон” сонгодог зохиолоос сонсгоё.

Манай “шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийн баярын дугаар үргэлжилж байна.

Сар Шинийн баярын өмнө битүүлгийн нэвтрүүлгийг бэлтгэж байхад манай “Оросын дуу хоолой” радиогийн орчуулагч, монголын сэтгүүлч Аюушийн Огторгуймаа бидэнд хандсан юм. Одоо түүнд микрофоноо шилжүүлье!

Сая та бүхэн Владимир Каруевын дуулсан “Ээжийн дууг” сонслоо. Энэ дуугаар манай радиогийн орчуулагч, монголын сэтгүүлч Аюушийн Огторгуймаа Улаанбаатарт байгаа аав, ээж, үр хүүхдүүд, төрөл садан, найз нөхөддөө Сар шинийн баярын мэндчилгээг дэвшүүлсэнийг дахин тэмдэглэхэд таатай байна.

Дараагийн захидлыг бидэнд Сэлэнгэ аймгаас Д.Даариймаа ирүүлсэн байна. Тэрээр захидалдаа, Цагаан сар монголчуудын хамгийн хүсч хүлээж байдаг, олон хоногийн өмнөөс бэлтгэдэг баяр юм. Гэрийн эзэд мах шүүсээ бэлтгэж, бууз баншаа чимхэж, зочиддоо гарын бэлэг бэлтгэдэг уламжлалтай. Орос улсад болон бусад улсад уламжлалт өвлийн баярын ширээнд юу тавьдаг тухай ярьвал сонин байна. Түүнчлэн “Бөөгийн дуу” сонсгож өгнө үү? Харамсалтай нь дуучныг нь хэлж мэдэхгүй байна гэж бичжээ.

За, Даариймаа. Бид таны захидалд дуртайя хариулъя. Оросуудын шинэ жилийн ширээн дээрээ “Оливье” буюу “Нийслэл” салатыг заавал тавьдаг. Анх “Оливье” салатыг 19-р зууны 60-аад оны үед Москвад парисын “Эрмитаж” ресторан ажлуулж байсан, ахлах тогооч Люсьен Оливье санаачилжээ. “Оливье”-гийн хамгийн анхны жор 1894 онд “Манай пицца” сэтгүүлд хэвлэгдэж байжээ. Зөвлөлтийн үед “Оливье” гийн жор нэг бус удаа өөрчлөгдөж, илүү хялбар, хямд тусч байжээ.Гэрийн эзэгтэй бүр өөрийн “Оливье”- гийн жортой байдаг. Гэхдээ сонгодог жоронд: чанасан төмс болон лууван, чанасан хиам, чанасан өндөг, ногоон вандуй, давсалж дарсан өргөст хэмх болон майонез ордог .

Европын олон орнуудад Зул сарын баярын ширээний гол хүнсэнд цацагт хяруул юм уу, галуу байдаг бөгөөд ингэхдээ алим, хар чавга болон мөөгтэй хамт жигнэдэг. Британд шувууны махтай хамт шөлөнд будаа чанаж зочдод өгдөг. Герман, Швед, Дани болон Польшид шинэ жилийн ширээн дээр заавал сельд загасыг тавьдаг. Япончууд шинэ жилийн шөнө урт тасалсан шурилтай шөл, польшууд карп загас иддэг уламжлалтай. Өмнөд-Солонгос болон Хойд Америкт шинэ жилийн шөнө эрдэнэ шиш болон эрдэнэ шишний будаа болон гурилаар хийсэн хоол иддэг бөгөөд энэ нь шинэ жил арвин, элбэг дэлбэг явахыг бэлэгддэг байна. Итали, Испани, Португал, Бразил болон Кубад Шинэ жилийн шөнө цаг ийн зүү 12 голлоход 12 ширхэг усан үзэм идэдэг байна. Орон нутгийн хүмүүс үзэхдээ, усан үзэм нь алтан зоостой адилхан учир, 12 ширхэг жимс идээд тэд болон тэдний гэр бүл ирэх жил элбэг дэлбэг, баян чинээлэг байна гэж үздэг ажээ.

Даариймаа, эдгээр хоол хүнс таны сонирхолыг татаж, та аль нэгийг нь бэлтгэхийг хүсэх байх гэж бид найдажбайна.

Харамсалтай нь манай радиогийн санд “Бөөгийн дуу” байхгүй тул бид “Алтай-кай “ хамтлагийн дуулсан өөр нээгн “Бөөгийн “тухай дуу сонсгоё.

Та бүхэн манай “ Шуудангийн хайрцаг “нэвтрүүлгийг сонсож байна. Одоо Сүхбаатар аймгийн оршин суугч Норовын Золбоогийн мэндчилгээг уншиж өгье.

“Цагаан Сарын баярын мэнд хүргье! Энэ жил айл бүрт аз жаргал, эрүүл энх, эд хөрөнгө авчрах болтугай!”. Цагаан сарын уламжлалт ёс заншилд би их дуртай . Энэ баяр бол настан буурлуудаа хүндэтгэн дээдлэж, ах дүү, садан төрлүүд, найз нөхөдтэйгээ уулзан золгодог хамгийн сайхан баяр. Орос улсад ахмад үеийнхнийгээ хүндэтгэн дээдэлдэг баярыг тэмдэглэдэг үү? Энэ тухай ярьж өгнө үү ? гэж Золбоо захидалдаа асуужээ. Тэрээр ардын жүжигчин Людмила Зыкинагийн дуулсан дуугаас сонсох хүсэлтэй байгаагаа бичжээ.

Эрхэм Золбоо! Бидэнд захидал ирүүлсэнд танд талархал илэрхийлъе. Танд болон танай гэр бүлд Сар шинийн баярын мэнд хүргье! Орос улсад настан буурлуудаа дээдлэн хүндэлдэг зориулсан баяр үгүй. Гэхдээ аливаа баярыг гэр бүлийн хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэдэг заншилтай. Энэ нь Шинэ жил, Мартын 8 баяр, Аугаа их Ялалтын баяр гэх мэт. Оросууд шашны улаан өндөгний баяраар аав, ээж, ахмад настай хүмүүс дээр зочлон очиж, гэр бүлийнхээ хүрээнд өргөн тэмдэглэдэг. Аугаа их Ялалтын баярыг Орос улсад онцгой тэмдэглэдэг. Энэ өдөр дайнд оролцож явсан ахмад дайчидаа онцгой хүндэтгэл үзүүлдэг. Дашрамд хэлэхэд, Аугаа эх орны дайнд хүнээ үдээгүй тийм гэр бүл Оросд үгүй юм. Түүнчлэн манай улсад хараахан өргөжиж амжаагүй байгаа нэгэн залуу баяр бий болоод байна. Энэ бол НҮБ-аас 23 жилийн өмнө зарласан 10-р сарын 1-нд тэмдэглэдэг Дэлхийн ахмадын өдөр.

Ахмадын өдрийн зорилго нь олон нийтийн анхаарлыг ахмадуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд татахад оршиж байдаг. Залуу үеийнхэн ахмад хүмүүсийн тулгамдсан асуудлуудыг мэдэх ёстой бөгөөд тэдэнд зохих ёсны анхаарал, халамжийг байнга тавих ёстой юм. Хүн бүр хөгширнө гэдгийг хүмүүс мартахгуй байх ёстой юм. Хөгшин настай хүмүүс нь амьдралын асар их туршлагатай, түүхийн амьд дурсамж бөгөөд бидний сайн сайхны төлөө залуу насаа зориулж явсныг бид мартах ёсгүй юм. Тэд манай нийгэмд маш хэрэгтэй .

Золбоо, бид таны асуултанд хариуллаа. Танд зориулан Людмила Зыкинагийн дуулсан “Волга мөрөн “ дууг хүлээн авч сонсоно уу.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох, ямар дуу хөгжмийн мэндчилгээ хүсч байгаагаа бидэнд манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.