АНУ-д тус улсын зүүн-хойд хэсгийн мужуудад гарсан цасан шуурганы үр дагаварыг арилгах ажлыг эхлүүлээд байна гэж өнөөдөр Си-Эн-Эн телевизийн компани уламжилжээ. Цаг уурчдын уламжилж байгаагаар цасан шамрага аажимдаа зогсож байгаа аж. Түүнчлэн Род-Айленд, Коннектикут болон Массачусетс мужуудад замын хөдөлгөөн сэргэж эхлээд байна.

Сүүлийн ирсэн мэдээгээр, 9 хүн уг сүйрэлд хохирол амссан бөгөөд тэдгээрийн 7 нь ам насаа алдажээ. Канад улсад мөн хоёр хүн нас баржээ. АНУ-ын зүүн-хойд хэсэгт 475 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй болоод байгаа төдийгүй 2 мянга 200 орчим нислэгүүдийг цуцлаад байна.

Өмнө нь тус улсын Нью-Йорк, Коннектикут, Нью-Гэмпшир, Род-Айленд болон Мэн зэрэг зүүн-хойд хэсгийн таван мужийн эрх баригчид нь онцгой байдлын дэглэм тогтоосон юм. Тус нутгуудын оршин суугчдын аюулгүй байдлын үүднээс жолоо барихыг хориглосон. Хамгийн их хэмжээний 95 см цас нь Коннектикут мужид оржээ. Плимут, Массачусетс мужид гэрэл цахилгаан тасарсантай холбоотой АЦС-ыг зогсоожээ.