Орос улсын Иргэний агаарын тээвэр өнөөдөр түүхэн ойгоо тэмдэглэж байна. 90 жилийн өмнө 2-р сарын 9-ний энэ өдөр Хөдөлмөрийн болон Батлан хамгаалахын зөвлөл Ажилчин тариачны  агаарын нисэх хүчний ерөнхий удирдах газрын дэргэд Иргэний агаарын зөвлөлийг байгуулах тогтоолыг батлажээ. Одоо энэ өдрийг тус улсын иргэний агаарын тээврийн төрсөн өдөр гэж албан ёсоор үздэг. Мөн оны 7-р сард Орос улсад анхны Москва-Нижний Новгород агаарын шугамыг нээжээ. 1926 онд ЗХУ-аас Монгол улс руу агаарын нислэгүүд эхэлжээ.

Өнөөдөр нисэхийн тээвэр нь эдийн засаг, нийгмийн салбаруудын болон экологийн тогтвортой хөгжлийг хангахад илүү технологи болон хөрөнгө оруулалт татах чадвартайгийн хувьд эрчимтэй хөгжиж байна. Хамгийн Хойд хязгаар, Сибирийн нутгийн нилээд хэсэг болон Алс-Дорнодыг бусад бүс нутгуудтай холбох цорын ганц тээврийн төрөл бол Иргэний агаарын тээвэр байна.

Иргэний агаарын тээвэр нь тус улсын тээврийн цогцолборын хамгийн гол бүрдүүлэгчийн нэг юм. Орос улс нийт 850 агаарын шугамыг ашиглаж байна. 2012 онд нэмж олон улсын 17 болон дотоодын 4 шугамыг нээсэн. Орос улсад 315 онгоцны буудал ажиллаж байгаагийн 52 нь холбооны чанартай юм. 2012 онд 74 сая гаруй зорчигчид болон 987,8 мянган тонн ачаа ба шууданг тээвэрлэжээ.

Мөн 50 сая орчим зорчигчид нь оросын онгоцны буудлуудаар дамжин гадаадын нисэх компаниудаар үйлчлүүлжээ. Росавиаци компаний уламжилснаар, 2012 онд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа оросын компаниудын паркийн бүрэлдэхүүнд: 681 алсын замын болон 433 бүс нутгийн онгоцнууд, 2137 нисдэг тэрэг, 32 бизнес ангиллын “жет” онгоцнууд болон 127 ачааны онгоцнууд байжээ.