Солонгосын хойгт дайн дэгдээхээс сэрэмжлэхийг Хятад улс оролдож байна.Цөмийн туршилтаас илүү хатуу алхам «ард түмнийхээ хүсэлтээр» хийнэ гэж саяхан Пхеньян айлган сүрдүүлсэн явдал Бээжинг их түгшүүлэв. Пхеньян Өмнөд Солонгос, АНУ хоёрыг хилэгнэн зэвүүцэж байна. Хятад улс талуудад хандан тэсвэр тэвчээртэй байх ерийн уриагаар үүнд өгөх хариугаа хязгаарлсангүй. БНАСАУ-ын урьдчилан харахын аргагүй ажиллагаа хятад-умард солоногосын найрамдалд хохирол учруулж мэднэ гэж хятадын талаас сануулав.

Хятад улс хятад-умард солонгосын найрамдлыг хэвээр хадгалахыг хичээж байна. Харин БНАСАУ ч тэгэх ёстой гэж англи хэлээр хэвлэгдэн гардаг «Глобал таймс» сонин Пхеньянд анхааруулжээ. Бээжин энэ сониноор дипломат эелдэг хандлагаа улс төрийн хатуу үг яриагаар сольсноо олонтаа илэрхийлж байна. Хятад улс Умард Солонгосын онцгой ажиллагааны золиос болох ёсгүй.

Цөмийн туршилт нь БНАСАУ-ын хувьд хор холбогдолтой болж мэднэ гэсэн «Глобал таймс» сонины мэдэгдэл Хятад улсын намын дээд удирдлагын Пхеньяний талаархи бодлогоо улам хатуу болгохыг уриалж байгаа жигүүрийн байр суурьтай адил төстэй байна. Бээжин хатуу сануулах болсон гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов үзэж байна. Ямар учраас ?

«Америк-хятадын сөргөлдөөн болон арлуудаас болж Япон улстай ширүүн маргаан өдөөсөн нөхцөлд Умард Солонгосыг тойрон гарах түвэг бэрхшээл одоо Хятад улсад огт хэрэггүй байна. Умард Солонгос ухаалаг бус ажиллагаагаараа хөршөө хохироож байна гэж Хятад улс үзсэн. Иймээс хатуу арга хэмжээгээр Пхеньянийг тогтоон барихаар шийдсэн бололтой.

Тэр тусмаа БНАСАУ-ын шинэ удирдагчад бүрэн итгэх эсэх нь тодорхой биш байна. Ким Чен Ир юу яаж хийхийг урьдчилан тааж болох байсан бол БНАСАУ-ын залуу удирдагч хэн бэ гэсэн асуудалд хятадын тал лавтай хариу олоогүй байх. Иймээс хатуу харилцах сонголт хийсэн» гэж Асмолов хэллээ.

Пхеньян Бээжингийн шахалтаас болж цөмийн шинэ туршилтаа хойшлуулж байна гэж зарим шинжээч үзжээ. Гэсэн ч Умард Солонгосын цэргийн бүлгийнхэн туршилтыг хойшлуулах тухай улс төрийн шийдвэрт дургүйцэж байна. Цөмийн туршилтаас илүү хатуу алхам хийнэ гэсэн Пхеньяний сүрдүүлэг эл асуудлаар бүрэн биеэ даах байр суурь баримталж байгаагаа харуулах хүсэл эрмэлзэлий нь тусган харуулжээ.

Цэрэг дайны хэнээрхэл Солонгосын хойгийг шууд мөргөлдөх ирмэгт хүргэв. Умардаас Өмнөдөд халдан довтолвол Сөүл БНАСАУ-д урьтаж цохилт өгөхөд бэлэн байна гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны тэргүүн Чон Сын Чо мэдэгдэв. Цэргийнхэн дайн дэгдээх ауюлыг гааруулсан ч урьтаж цохилт өгнө гэж тэрээр батлан илэрхийлжээ. Дайралтад өртөхөөс дайн хийсэн нь дээр гэж генерал «арми Умард Солонгосын цөмийн дайралтаас сэрэмжлэхэд бэлэн байна уу» гэсэн парламентын гишүүдийн асуултад хариулжээ.

Түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлж байгаа нь сүүлийн жилүүдэд Солонгосын хойгт гарсан хамгийн ноцтой хямралыг дипломат замаар давах зорилгоор шинэ алхам хийхэд Хятад, АНУ, Орос зэрэг улсыг хүргэж байна.Бээжин Зүүн-хойд Азийн байдлын асуудлаар АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хэлэлцээ хийх гэж байна.

Орос улсаас Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд тодорхой шинэ хэдэн санал дэвшүүлсэн гэж ОХУ-аас БНАСАУ-д суугаа элчин сайд Александр Тимонин Пхеньянд хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Багц санаачилгыг зургаан талт хэлэлцээ бас хийж байгаа Хятад, АНУ, Япон ба хоёр Солонгос улсад дамжуулжээ. Эдгээр саналын агуулгыг судлаж байгаа болохоор тодруулж мэдээлээгүй байна.

Оросын санаачилга Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээг сэргээхэд туслана гэдэгт Александр Тимонин итгэж байна. Ингэснээрээ Москва БНАСАУ хэлэлцээний үйл явцаас гарах тухай саяхны мэдэгдлийг буцааж хүчингүй болговол зохихийг Пхеньянд дохиолж байна.