Байдлаас харахад БНАСАУ-ын эрх баригчид гол холбоотон нь болох Бээжин, Москва хоёр Пхеньяний эсрэг хоригийг чангатгах шийдвэрийг дэмжсэнд гомдсон байна гэж «Российская газета» сонинд бичжээ. Умард Солонгос дургүйцлаа дипломат өвөрмөц замаар илэрхийлэв. Тус улсын удирдагч Ким Чен Ун билгийн улирлын шинэ жилийг тохиолдуулан Хятад, Орос улсуудын төрийн тэргүүн нарт мэнд хүргэхээ «мартчихжээ». Үүний хамт Пхеньян өөр 30 улсын удирдагчдад баярын мэндчилгээ явуулсан тухай өмнөд солонгосын « Чосон Ильбо» сонин мэдээллээ.

Энэ оны 1-р сард НҮБ-ын АЗ өнгөрсөн оны 12-р сарын 12-нд Пхеньян пуужингаа хөөргөсөнтэй холбогдуулан БНАСАУ-ын эсрэг олон улсын хоригийг чангатгасныг дурдая. Хязгаарлах шинэ арга хэмжээг санал нэгтэй дэмжсэн юм. Пхеньяний гол холбоотон болох Хятад, Орос улсууд бас дэмжжээ.

БНАСАУ-ын удирдагч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дээд удирдлагаас шинэ 2013 оныг тохиолдуулан явуулсан баярын мэндчилгээг хүлээж авсныг «Чосон Ильбо» сонин тэмдэглэв. Гэвч Ким Чен Ын эдгээр илгээлтэд хариулаагүйг өмнөд солонгосын сонин мэдээллээ. Энэ нь санамсаргүй алхам биш гэдгийг сүүлийн үйл явдлууд нотлон харуулав.

Ким Чен Ун билгийн улирлын шинэ жилийг тохиолдуулан дэлхийн 30 улсын удирдагчдад мэндчилгээ дэвшүүлжээ. Харин Орос, Хятад улсуудыг л «мартчихжээ». Өмнөд Солонгос гаралтай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд баярын мэндчилгээ дэвшүүлсэн нь сонин шуу. Урьд өмнө Умард Солонгос түүнийг тоомсорлохгүй байсан юм.