Москвад  нэрт хөгжмийн зохиолч Оскар Фельцман нас нөгчив. Зөвлөлтийн эстрадын дуу хөгжмийн сонгодог зохиолч түүнд 92 нас зооглоход нь ердөө хоёр долоо хоног үлдэж байсан юм. Түүний дуунуудыг зөвлөлтийн дуучид: Леонид Утёсов, Эдита Пьеха, Валентина Толкунова, Муслим Магомаев болон бусад олон алдартай дуулчид дуулж нэрд гарсан. Дараа нь улс орон даяараа, мөн хилийн чанадад дуулдаг байсан юм.

Жишээ нь 50-иад оны үед хөгжмийн сургуулийн шалгалт авах үед хүүхдүүд хамгийн дуртай дуугаа “Ландыши” /”Май цэцгүүд”/гэж нэрлэдэг байсан. Энэ дууг зохиосон хөгжмийн зохиолчийг эрх баригчид ёс зүйгүй дуу бичиж, залуучуудын соёлын таашаалыг татаж байна гэж шүүмжилж байв. Гэтэл хэдэн жилийн дараа эл дууг чех, болгар, тэрч бүү хэл япон хэл дээр дуулах болсон бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ дуу хамгийн хайртай дуу хэвээр үлдэсэн юм.(Дуу)

Харин Монгол улсад Фельцманы өөр нэг дуу маш их дэлгэрсэн. Энэ бол “Манжерок”. Уран бүтээл нь захиалгаар хийгдсэн байлаа ч, хэрвээ авъяастай хүмүүсийн бүтээл бол уран бүтээл хэвээр хадгалагдан үлдэдгийн түүхийг эл дуу гэрчилж буй юм. Дууг 1966 онд намын удирдлагын хүсэлтээр зөвлөлт-монголын залуучуудын их наадамд зориулан бичжээ.

Энэ наадам нь сибирийн нилээд хэдэн хотод явагдсан бөгөөд Манжерок нуураас холгүй орших ижил нэртэй алтайн тосгонд наадамд оролцогчид илүү их цагийг өнгөрүүлсэн ажээ. Оскар Фельцман түүнийг дуу бичихийг төдийгүй, дууны шүлгийг бичих хүн олж өгөхийг хүсч байсныг санажээ. Тэр шинэ төрөх дууны шүлгийг бичих хүнийг олох гэж бүх таньдаг дууны шүлэг бичдэг хүмүүс рүү ярив.

Гэтэл хэн ч Манжерок гэж юу болохыг болон хаана байдгийг ч мэдэхгүй байлаа. Тэгсэн Оскар Фельцман үгүй, ерөөсөө л, Манжерок гэж юу байдаг юм бэ? гэж дуугаа эхэлье гэж боджээ. Тэгээд энэ санаагаа Наум Олевт хэлтэл, тэр дорно шүлгийг бичжээ.

Тэгвэл тэртээх залуучуудын их наадмын зохион байгуулагчдын нэг Владимир Пановын дурсамжийг сонсгое:

“Манжерокийг ” их наадамд зориулж бичсэн биш, харин наадмын явцын дунд бичсэн. Яруу найрагч Наум Олев Алтайн хязгаарт очсон, түүнийг дууны шүлгийг хэрхэн бичсэнийг би санаж байна. Харин Оскар Фельцман Москвад байсан.Ингэж бид хоёр өөр өнцөгөөс шүлэг, хөгжим хоёрыг авч байлаа. Дараа нь телетайпаар зөвлөлтийн болон монголын төлөөлөгчдөд илгээж байлаа. Залуучууд дууг галт тэргэнд сурч байлаа.

Новосибирск хотод хоёр талын төлөөлөгчид уулзалдаж, шууд галт тэрэгний буудал дээр залуучуудын интернационал хамт олон дууг дуулж байсан. Үүний дараа дуугаа Манжерок орох замд, Бийскэд дуулж явлаа. Дараа нь нуурын эрэг дээр, тусгай тайзан дээр дуулсан юм. Дараагийн жилүүдэд зөвлөлт-монголын залуучуудын хоёр их наадам зохиогдсон. Гэхдээ дахиж дуу зохиогоогүй, “Манжерокийг” л дуулдаг байсан. Би одоо хирнэ монголчуудтай холбоотой байдаг, ахмад насныхан энэ дууг сайн санадаг: тэд үгийг нь мэдэхгүй юмаа гэхэд аяийг нь аяладаг юм шүү» гэж Владимир Панов хэллээ.

Хэдэн сар өнгөрхөд Манжерокийн тухай ЗХУ даяараа мэдэх болсон юм. Шинэ жилийн “цэнхэр дэлгэц “ нэвтрүүлгээр зөвлөлтийн эстрадын од Эдита Пьеха энэ дууг дуулсан. Ингэж алтайн жижигхэн тосгон болон зөвлөлт-монголын найрамдлын түүхийн гайхамшигт хэсэг энэ дуунд мөнхөрч үлдэсэн юм. (Дуу)

Ер нь бол бодит түүх нь Оскар Фельцманы бүтээл туурвилуудын сэдэв болж байсан. Хамгийн тод жишээ болох Роберт Рождественскийн шүлэг “Огромное небо” /”Асар том тэнгэр”/ дууг авч үзъе л дээ. Энэ бол хүний зүрх сэтгэл рүү нэвт орох хүчтэй агуу дуу юм. Энэ дуунд зөвлөлтийн хоёр нисэгч унаж байгаа онгоцоо хотоос гаргаж өөрсдийн амиар олон хүний амийг аварч байгаа тухай өгүүлдэг. (Дуу)

Нэгэн удаа Оскар Фельцманы болон яруу найрагч, фронтын ахмад дайчин Евгений Долматовскийн зохиомж нь хоёр хүнд бие биеэ олоход нь тус болсон түүхтэй. “Помнят люди” /“ Хүмүүс дурсан санаж байдаг “/ дуунд түүхэн бодит явдлын тухай өгүүлдэг. Германы фашистуудын эсрэг Аугаа эх орны дайны үед /1941-1945 онуудад/ манай нэгэн тосгонд германууд зөвөллөтийн хоёр тагнуулыг баривчилж, хүмүүсийн нүдэнд дээр буудахаар авч явж байжээ.

Гэнэт фашистуудын өөд нутгийн нэгэн залуухан бүсгүй гүйн очиж: “миний бага дүүг тавиач “гэсэнд, аз дайрч, фашистууд ч итгэж, түүнийг тавьж явуулжээ. Ингэж тэр бүсгүй үл таних хүний амийг аварч байжээ. Энэ тухай дууг ардын жүжигчин Людмила Зыкина дуулахыг сонссон өнөөх аврагдсан тагнуулч түүний тухай дуу болохыг ойлгосон юм. Тэгээд тэр дууг зохиолчдыг олж, дайны тэр явдлаас 30 жилийн дараа өөрийгөө аварсан буянтай тэр эмэгтэйтэй уулзсан.

Оскар Фельцман тус улсын түүхэн тэмдэглэлт үйл явдлуудад зориулсан цөөнгүй дуу бичсэн юм. Тэдгээрийн нэг бол дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагаринд зориулсан дуу байлаа. Хожим нь “Я верю друзья”/ “Андуудаа, би та нартаа итгэж байна “/ дуу нь зөвлөлтийн сансрын нисгэгчдийн албан бус сүлд дуу болсон юм. Энэ тухай эл дууг дуулсан Владимир Трошин хэлэхдээ

«Фельцман над руу утсаар яриад, яаралтай ир, ярих юм байна гээд, нэн даруй дуу бичих хэрэгтэй байна, яагаад гэвэл хэдэн цагийн дараа эфирээр явна гэдэг байгаа. Би студид ирж дууг сураад, бичүүллээ, тэгээд шууд эфирээр явсан. Тэр цагаас хойш гурван сарын дараа бид ямар учраас тийм сандаруу байсныг ойлгосон. Сансарт хүн нисэх болоод байсан юм билээ. Тэгээд ч үнэхээр л 1961 оны 4-р сард Юрий Гагарин сансарт ниссэн» гэлээ.

90 минутын сансрын аялалдаа явахдаа Юрий Гагарин энэ дууны үгийг авч явсан. Нэг жилийн дараа Николай Попович болон Андриан Николаев нар сансрын тойрог замд нисч байхдаа дууг дуулж байсан. Үүний дараа Попович, Николаев нарыг Улаан талбай дээр хүлээн авах хүндэтгэлийн уулзалтын үеэр зөвлөлтийн удирдагч Никита Хрущев индэр дээрээс өөрөө энэ дууг эхлүүлж байсан юм. (Дуу)

Оскар Фельцман өөрийн байгуулсан гавъяандаа туйлын даруу хандаж байсан. Тэр улс оронтойгоо нэг хөг аялгуун дор амьдарч байсан бөгөөд эх орны хөгжил түүний онгодыг хөглөж байсан. Ингэхдээ тэр хэзээ ч, өөрийн хамтран зүтгэгчид – яруу найрагчдыг гуйж гувшидаггүй нэгэн байсан. Энэ тухай хөгжмийн зохиолч хэлэхдээ

«Би өөрийгөө их азтай жаргалтай хүн гэж боддог. Олон зүйлийг эрэгцүүлэн бодож байхад, миний сайн сайхан явсны гол шалтгаан бол би гайхамшигтай, мартагдашгүй, давтагдашгүй тийм хөгжмийн зохиолчидтой зохиол бүтээлээ туурвиж байжээ. Тэдгээрийн зарим нь агуу их яруу найрагчид байсан. Миний бүхий л амьдрал тэдэнтэй холбоотой» гэв.

”Хөгжмийн 3-4 минут нь бүхэл бүтэн симфони хөгжмөөс илүү хүчтэй“ байж мэдэх юм шүү гэж нэгэн удаа Фельцман хэлж байжээ. Гэхдээ хөгжмийн зохиолчийн өв гэдэг бол зөвхөн нэртэй зохиомжууд төдийгүй өөр бусад хөгжим ч бас байдаг. Энэ тухай урын сандаа Оскар Фельцманы олон сайхан дуутай, ардын жүжигчин Иосиф Кобзон ийн ярьж байна.

«Оскар Фельцманы үхэл бол эх орны хөгжмийн асар их гарз юм. Түүний уран бүтээлд ая зохиогч хөгжмийн зохиолч гэж хандах нь алдаатай юм. Тэр хөгжмийн олон жанраар оперетт, киноны хөгжим, радио жүжгийн хөгжим бичиж байсан. Миний хувьд түүний бичсэн “Будагнуудын тухай дууль” болон бусад дуулиудыг дуулах завшаан гарсанд би баярлаж байдаг юм. Тэр бид хоёр олон хотуудаар, олон улсаар хамтдаа олон тоглолт хийж явсан хөгжмийн зохиолч юм. Тэрний байгаа нь л хөгжмийн хөгжлийн бэлэг тэмдэг болж байсан юм» гэж Иосиф Кобзон хэллээ.

“Миний амьдрал бол урт хугацааны азтай боломж “ гэж Оскар Фельцман нэгэн удаа өгсөн ярилцлагадаа хэлж байлаа. Орос улсад түүний уран бүтээлийг олон үеийнхэн хайрладгаас үзэхэд энэ нь үнэн ажээ.