Сүүлийн өдрүүдэд Умард Солонгосын талаархи мэргэжилтнүүд тээнэгэлзэж байна.Бараг 10 өдрийн өмнө Пхеньян цөмийн 3 дахь туршилтаа бэлтгэж дууссан юм. Гэсэн ч одоогоор дэлбэрэлт хийгээгүй.

Пхеньян БНАСАУ-ын төрийн чухал баяр-Ким Чен Ирийн төрсөн өдөр 2-р сарын 16-ны өмнөхөн туршилт хийхээр шийдвэрлэсэн бололтой. Мөн техникийн шалтгаанаар хойшлуулсан байж магадгүй. Өөр чухал хүчин зүйл-Хятад улсын ер бус хатуу байр суурь Пхеньянийг туршилтаа яаралгүй хийхэд хүргэсэн байх.

Хятадын ба умард солонгосын хэвлэл БНХАУ, БНАСАУ-ын хоорондын харилцааг эвдэршгүй холбоо хэмээн бүр хагас зуун жилийн турш тодорхойлж ирсэн юм. Үнэн чанартаа хоёр орны харилцаа хэзээ ч амар хэвийн байгаагүй. Зарим үед эвдэршгүй найрамдал гэгч сүржин үг ярианы цаана түгшүүр, дайсагнал нуугдаж байв. Жишээ нь 60-д оны сүүлээр соёлын хувьсгалын үед хоёр орны хилийн байдал зэвсэгт мөргөлдөөнд хүргэх хүртэл даамжрав.

Одоо ч гэсэн БНХАУ, БНАСАУ-ын хоорондын харилцааг нэг утгаар тодорхойлж болохгүй. Нэг талаас Умард Солонгос орших нь БНХАУ-д ашигтай. Умард Солонгос хятадын хил орчимд гео стратегийн засвар улс болсон. Түүнээс гадна Умард Солонгос хямралт байдалд орох нь Хятад улсад зохисгүй хор холбогдолтой болно.

Тус улсыг дүрвэгчид дайрч, умард солонгосын хими, цөмийн зэвсгийн хяналтыг алдснаар түвэгтэй асуудлууд тулгарах юм. Түүнчлэн Солонгосыг нэгтгэх нь Бээжингийн ашиг сонирход харшлах юм. Иймээс Умард Солонгосыг дэмжих шалтгаан Хятад улсад байна.

Нөгөө талаас умард солонгосын бодлогын олон талд дургүйцэх шалтгаан Хятад улсад байгаа. Ялангуяа Пхеньяний цөмийн сэхүүн санаархал Бээжинг  бухимдуулав. Сүүлийн хагас жилд дургүйцэл гаарсан шиг байна. Сүүлийн үед болсон хэдэн үйл явдал Бээжин, Пхеньяний хоорондын харилцаа хямралт байдалд орж байна гэх үндэс болсон.

Хятадын томоохон Сиян компанийн хөрөнгө оруулалтыг тойрон гарсан шуугиан маргаан үүнийг нотлов. Тус компаниос Умард Солонгост уурхай барихад 50 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийсний  дараа умард солонгосын тал уурхайг эзлэжээ. Урьд өмнө ч ийм тохиолдол гарч байсан. Гэвч энэ удаа хохирсон хятадын талаас ийм будлиан гарсныг шууд мэдэгджээ.

Ким Чен Уны шадар Чан Сон-тхэк 2012 оны 8-р сард Хятад улсад хүрэлцэн очив. Тэрээр эдийн засгийн нэмэлт тусламж авахад найдаж байсан. Гэвч гар хоосон буцаж ирсэн юм.

2013 оны 1-р сард Хятад улс НҮБ-ын АЗ-ийн умард солонгосын пуужингийн хөөргөлтийг буруушаасан тогтоолыг дэмжив. Хятад улсын мөн шийдвэр олонхи ажиглагчийн хувьд гэнэтийн зүйл болов.

Эцэст Умард Солонгос цөмийн туршилт хийвэл Хятад улсаас БНАСАУ-д үзүүлэх тусламжийг багасгана гэж 1-р сарын сүүлээр «Хуаньцю шибао» сонин мэдэгджээ. Энэ мэдэгдлийг тоомсорлохгүй байж болохгүй. Юу гэвэл тус сонин «Жэньминь жибао» холдингийн хүрээнд гардаг. Өөрөөр хэлвэл ХКН-ын ТХ-ны албан ёсны хэвлэлд захирагдаж байна.

Гэвч БНАСАУ-ын засгийн газар Хятад улсыг оролцуулан холбоотнуудынхаа саналыг анхаарахгүй байна. Харин одоо Бээжингийн шууд сануулгыг үл тоомсорлох аргагүй. Учир нь БНАСАУ-ын эдийн засаг хятадын тусламж ба Хятад улстай хийж байгаа худалдаанаас маш их хамаарагдаж байна. Иймээс хятадын шахалт зорилгодоо хүрч, Умард Солонгосын засгийн газрыг цөмийн туршилтаа хойшлуулах бүр болиулахад хүргэсэн бололтой гэж үзэж болно.

Энэ нь мэдээжээр сайн мэдээ юм. Гэвч Бээжин Умард Солонгосыг мухардмал байдалд оруулах гээгүй. Тэр тусмаа ноцтой хямрал өдөөхийг огт эрмэлзэхүй байгааг санаж байх хэрэгтэй. Ийм учраас Хятад улс БНАСАУ-ыг хойшид ч дэмжиж, Пхеньяний ямар нэг ажиллагаанд дургүйцэж байгаагаа зарим үед илэрхийлэх бололтой.