Лалын хамтын ажиллагааны байгууллагын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Египет улсын нийслэл Каир хотноо нээгдэнэ. Тус байгууллагын 57 гишүүн орноос 26  нь удирдагчид уулзалтад оролцох юм. Тухайлбал Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад дээд хэмжээний уулзалтад оролцохоор Каирт хүрэлцэн очив.

Энэ нь Иран улсын ерөнхийлөгчийн 1979 оны Лалын хувьсгалаас хойш Египетэд хийж байгаа анхны айлчлал билээ. Одоогоос 30 гаруй жилийн тэртээ тасалдан зогссон харилцааг Египет улстай сэргээхэд бэлэн байна гэж урьд өмнө Ахмадинежад мэдэгджээ.Тэрээр Каирт хийх айлчлал нь «хоёр талын харилцаанд заавал нөлөөлнө» гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

2012 оны 8-р сард Лалын хамтын ажиллагааны байгууллагаас шахан гаргасан Сири улсын байдал дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно. Гэсэн ч талууд эл асуудлаар нэгдсэн байр суурийг боловсруулах эсэх нь тодорхой биш байна. Хэд хэдэн ХМХ уламжласнаар дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн албан мэдээний төсөл Дамаскыг шүүмжилсэн хэдэн зүйлийг агуулж байна. Ираны холбоотнууд нь үүнийг эсэргүүцэх байх.

Баримт бичгийн зохиогчид энгийн номхон маш олон хүн амь насаа алдсаны хариуцлагыг Дамаскад тулгаж байна. Түүнчлэн каирын дээд хэмжээний уулзалтад оролцогчид Дамаскад хандан шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулах тухай сөрөг хүчний шаардлагыг биелүүлэхийг уриалах бодолтой байна. Сири улсад мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талууд буурьтай яриа хэлэлцээ хийх нь зайлшгүй чухал гэж төгсгөлийн албан мэдээний төсөлд өгүүлжээ.

Түүнээс гадна зэвсэгт сөрөг хүчний эсрэг цэргийн ажиллагаанд хамаатай биш сирийн удирдагчид л сөрөг хүчний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх ёстой гэж баримт бичигт тэмдэглэжээ. Лалын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцогчид сирийн асуудлаас гадна Мали улсын байдлыг авч үзэж хэлэлцэнэ. Тус улсын цэргийнхэн францын ба африкийн зэвсэгт хүчний дэмжлэгээр хойд нутагтаа самуун дэгдээгчидтэй тэмцэж байна.