Ойрын үед Умард Солонгос цөмийн ээлжит туршилт хийх бололтой. Үүний хариуд НҮБ-аас олон улсын хоригийн дэглэмийг цаашид чангатгаж мэднэ. Умард Солонгосын талаар санхүүгийн хориг арга хэмжээ авч болзошгүй. Ийм арга хэмжээний хүрээнд умард солонгосын данс буюу хувь хүн, хуулийн этгээдүүдийн хадгалсан хөрөнгө мөнгөтэй гадаадын ямар ч банк америкийн банкуудтай харилцан ажиллагаа явуулах эрхгүй болно. Үнэн чанартаа тийм банкыг дэлхийн санхүүгийн системээс шахан гаргах юм.

Санхүүгийн хориг умард солонгосын үйлдвэрүүдийн байдлыг хүндрүүлэх нь эргэлзээгүй. Гэвч умард солонгосын удирдлагыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэж чадахгүй гэж оросын шинжээч, Сөүл дэх Куньмин их сургуулийн профессор Андрей Ланьков үзэж байна.

Хориг арга хэмжээ Умард Солонгост онцгой нөлөө үзүүлэхгүй байгаа нь тод зүйл. Гэвч үүнийг хэдэн шинжээч л ойлгож байна. Харин ээлжит хориг тогтоох нь БНАСАУ-аас учруулж мэдэх аюулын хариуд арга хэмжээ авч байгаагаа сонгогчдод харуулах боломж дипломат ажилтнууд ба парламентын гишүүдэд олгож байна.

2006 онд БНАСАУ цөмийн анхны туршилт хийсний дараа олон улсын хоригийн дэглэм тус улсын талаар тогтоосон билээ. Пхеньян энэ дэглэмийн үйл ажиллагааны долоон жилийн дотор хиймэл дагуулаа хөөргөхийг гурван удаа оролдов. Сүүлчийн оролдлого нь амжилттай болсон. Түүнчлэн бас нэг цөмийн туршилт хийжээ. Харин БНАСАУ «бүсээ чангатгалгүй» ийм амжилт гаргав. Тэр ч байтугай 2006-2012 онуудад өөрөөр хэлвэл хориг тогтоосон үед БНАСАУ-ын эдийн засаг нэлээд өсөн нэмэгдсэн байна.

Хориг арга хэмжээ Умард Солонгост нөлөөлөхгүй байна гэсэн дүгнэлтийг шинжээчид дээрх баримтуудыг харгалзан хийжээ. Үүнтэй холбогдуулан хэдэн шалтгааныг дурдаж болно.

1-рт бусад улсад нөлөө үзүүлж мэдэх хоригийн механизм Умард Солонгосын талаар үр дүнд хүрэхгүй байна. Хориг тогтоосон дэглэм дээд удирдлагыг биш хүн ам ба элитын нэг хэсгийг хохироож байна. Иймээс хориг тогтооход хүргэсэн улс төрийн шийдвэрээс татгалзахыг хүн ам, элитын нэг хэсэг шаардаж эхлэнэ гэж хориг тогтоогчид үзэж байна.

Ийм загвар Югослав, Өмнөд Африкт үр дүнд хүрчээ. Улс төрийн дэглэм нь өвөрмөц байсан ч Иран улсад нөлөөлж мэднэ. Харин Умард Солонгост ийм бодлого амжилттай болохгүй. Тус улсын хүн ам засгийн газрынхаа бодлогод нөлөө үзүүлэх боломжгүй байна. Умард Солонгосын иргэд таван жилд нэг удаа албан ёсны сонгуульд оролцож, санал өгдөг. Ийм сонгуулийн үр дүнгээр ганц нэр дэвшэгч 100 хувь санал авдаг. Умард Солонгост самуун дэгдээх эсвэл эргэлт хийх аргагүй.

Хориг арга хэмжээ авснаар БНАСАУ-ын нийт хүн амын үлэмж хэсэг нь гай зовлон, өлсгөлөнд нэрвэгдэж мэднэ. Харин умард солонгосын засгийн газарт нөлөө үзүүлэхгүй. Хүн ам нь хүнд хэцүү байдалд орсон ч Пхеньян урьтлал хэмээн үзсэн асуудлаар хэрхэвч найр тавихгүйг сүүлийн 20 жилийн туршлага харуулав.

2-рт санхүүгийн хоригийн дэглэмийг Умард Солонгосын худалдааны гол түнш Хятад улс дэмжихгүй. Хятадын банкууд хязгаарлалтыг тойрох замыг олох юм. Умард Солонгосын гадаад худалдаа тийм өндөр биш байна. Иймээс олонхи тохиолдолд бэлэн валютаар тооцоолт хийж болзошгүй.Умард Солонгосын 100 долларын дэвсгэрт чихиж хийсэн чемодантай түшмэд Хятад руу явж мэднэ.

Иймээс хориг бол умард солонгосын асуудлыг шийдвэрлэх зам биш. Гэвч үүнийг хэдхэн этгээд л хүлээн зөвшөөрч байна. Иймээс цөмийн туршилтын дараа улс төрчид хатуу бодлого баримталж байгаага ахин харуулж, оновчтой бус арга барил ахин хэрэглэх бололтой.