АНУ дэлхийн алсын холбоо харилцааны зах зээлд зонхилж байгаа хятадын HUAWEI,ZTE компаниудад билгийн улирлын шинэ жилийн баярыг гутраав. Эдгээр компани патентын эрхийг зөрчсөн хэмээн үзэж, 3G, 4G бүтээгдэхүүний нь мөрдөөн байцаах ажиллагааг үүсгэв. Өнгөрсөн онд эдгээр хоёр компани тагнуулын шуугиан маргааны төвд байсан явдал дүр төрхөд нь хүчтэй цохилт өгсөн юм.

Америкийн гар утас үйлдвэрлэдэг дөрвөн компани НUAWEI, ZTE компаниудад нэг зэрэг гомдол гаргалаа. Хятадын эдгээр хоёр компанийг дээд зэргийн технологи хулгайлсан гэж зэмлэж байна. АНУ-ын Холбооны олон улсын худалдааны комисс хэргийг мөрдөн байцааж эхэллээ. Патентын нь эрх зөрчсөн нотлогдвол хятадын компаниудын 3G, 4G бүтээгдэхүүнийг зах зээлээс шахан гаргах юм.

Хятадын дээрх хоёр компани тагнан турших ажиллагаа явуулж байна гэж өнгөрсөн оны намар Цагаан ордны шаардлагаар зэмлэсэн билээ. Гэвч тусгай албад мөрдөн байцаах ажиллагааны явцад АНУ-д нийлүүлж байгаа HUAWEI багаж америкийн компаниудын тухай нууц мэдээллийг хураангуйлан Хятад улсад уламжилж байгааг нотлосон баримтыг олоогүй байна. Тагнуулын шуугиан маргааныг эцэслүүлэв. Гэвч ийм зэмлэл улс төрийн шалтгаантай байсан гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Андрей Островский хэлээд

«HUAWEI компанийн үйл ажиллагааг мөрдөн байцаах нь АНУ-ын засаг захиргааны хувьд эмзэг сэдэв болсон. Тус улс компаниудыг зах зээлд гаргахыг саатуулахын тулд хятадын тагнуулын төлөө ажиллаж байна гэсэн зэмлэлийг санаанаас зохиосон юм. АНУ Хятад улстай хийж байгаа худалдааны алдагдлыг багасгахын төлөө тэмцэж байна. Хятадын бүх төрлийн бараа, үйлчилгээг АНУ-ын зах зээлд гаргахыг хязгаарлахыг аль байдгаараа оролдох явдал зорилгодоо хүрэх дөт зам болсон» гэв.

2013 онд АНУ хятадын хэдэн компанийн үйл ажиллагааг мөрдөн байцааж эхэллээ. Энэ оны 1-р сард патентын эрхийг зөрчиж, арилжааны нууцыг хулгайлсан ял хятадын найман компанид нэг зэрэг ногдуулав.Шинэ жилийн эхээр Хятадаас нийлүүлж байгаа хөлдөөсөн хавчийг АНУ-д зориуд үнэ алдаж худалдаж байна гэсэн зэмлэл тулгав.

Одоогоор Хятад улсаас америкийн компани болон тэдгээрийн бүтээгдэхүүний талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Байдлаас харахад удахгүй хариу өгөх бололтой. Худалдааны дайн хийж байна. Олон зуун тэрбум доллароо алдах эсэх, зах зээлд давамгайлах асуудал тулгарсан гэж Улс төрийн судлагаа шинжилгээний төвийн удирдагч Андрей Виноградов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдийн засгийн хямралын нөхцөлд Хятад улсыг хязгаарлах нь АНУ-ын хувьд тулгамдсан хурц зорилт болсон юм. Тус улс зорилтоо биелүүлэхийн тулд янз бүрийн арга барил хэрэглэж, тухайлбал хятадын дээд зэргийн технологийн компаниудад цохилт өгч байна. Хятад улс ШУТ-ийн боловсруулалтаар дэлхийд тэргүүн байр эзлэхгүй байсан ч аж үйлдвэрийн асар их чадавхитай юм. Иймээс дэлхийн бүх компани ямар нэг хэмжээгээр тус улсаас хамаарагдаж байна» гэв.

Хятадын компаниуд АНУ-ын хөрөнгийн зах зээлээс зугтсан нь худалдааны дайн гэгчийн хор холбогдол юм. 2012 онд 27 компани америкийн худалдааны талбараас гарахаа мэдэгдсэн билээ. Энэ нь АНУ дахь хятадын бизнесийн түүхэнд нэг ёсны аврага үзүүлэлт болсон. Мөн түүнчлэн АНУ-д хятадын компаниудын хувьцааг зах зээлд анх гаргаж худалдах хүрээ ч багасав. Өнгөрсөн онд АНУ-д хятадын дөнгөж гурван компани хувьцаагаа зах зээлд анх гаргаж худалдажээ.