Өнгөрсөн долоо хоногт Дюссельдорфын онгоцны буудал дээр халаасандаа 70 сая долларын чектэй саатуулагдсан Ираны иргэн Исламын БНУ ын Сангийн сайд асан Тахмашбом Мазахери байжээ. Энэ тухай өнөөдөр германы ХМХүүд бичжээ. Финанцнахрихтен порталын уламжилж байгаагаар, өмнө нь тэр Ираны Сангийн сайд болон Төв Банкны тэргүүний албан тушаалуудыг хашиж байжээ. 1-р сарын 21 –нд түүний тээшнээс германы гаалийн ажилтан Венесуэлийн Банкны 300 сая болливар /70 сая долл./ чек илрүүлжээ. Одоо сайд асаныг дээрх мөнгөнд гаалийн мэдүүлэг хийгээгүй асуудлаар яллах болно. Түүнчлэн, Германы эрх баригчид уг хэргийг мөнгө угаах шинж тэмдэгтэй холбоотой эсэхийг хянаж байна. Мазахери нь өөрөө мөрдөн байцаагчдад мэдүүлэхдээ, Венесуэлийн эрх баригчдад олон саяын чекийг тус улсад 10 мянга орчим шинэ сууцны байр барихад нь санхүүжүүлэх бодолтой байсан гэжээ.