Өнөөдөр 2-р сарын 2-нд ОУ-д түүхэн ойг тэмдэглэж байна. Одоогоос 70 жилийн өмнө германын фашистуудын зандалчдыг бут ниргэснээр сталинградын тулалдаан дууссан юм. Хамгийн өргөн хүрээг хамарсан тулалдааны явцад Дэлхийн 2-р дайны үед анх удаа германын бүхэл бүтэн арми үг дуугүй бууж өгсөн юм. Генерал-фельдмаршал Паулюс бууж өгөн олзлогдсон билээ. Сталинград орчим дахь зөвлөлт, германын цэргүүдийн тулалдааны явцад Дэлхийн 2-р дайнд эрс эргэлт гарсан юм.

Энэ баярын өмнө ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ахмад дайчдад баяр хүргээд эх орон нэгтнүүддээ ингэж уриалсан юм.

«Сталинградын тулалдааны тухай дурсамж, түүний тухай бодит үнэн хэзээч мартагдахгүй байхын төлөө бид бүхнийг хийх ёстой. Дэлхийн 2-р дайны тухай бодит үнэнийг гуйвуулах гэсэн оролдлого, дэлхий дахиныг чөлөөлсөн бүхний нэрийг ичгүүр сонжуургүйгээр баллах гэсэн улс төрийн ухвар мөчид зорилгод бид шийдвэртэй хатуу цохилт өгч байх ёстой» гэж Путин хэллээ.

Энэ тулалдаан 200 өдөр шөнө үргэлжилсэн Волгоград хотод өнөөдөр гол баяр ёслолын үйл ажиллагаа боллоо. Тэр үед Сталинград гэж нэрлэж байсан энэ хотын төлөө тулалдаанд хоёр талаасаа 2 сая гаруй хүн оролцсон юм. Энэ хотын төлөө тулалдаанд амиа үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Мөнхийн галд цэцэг өргөсөн байна. Мөн цэргийн парад болсон байна. Дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин ойн баярыг тохиолдуулан оросуудад баяр хүргээд, орос цэргийн агуу гавьяаг санууллаа.

«Бидний өвөө нар, бидний эцэгүүд, бидний ахмад үеийнхэн, бидний агуу их өвөг дээдэс энэ хотын байшин, гудамж бүрийн төлөө тосгон бүрийн төлөө тулалдаж байсан юм. Эвдлэж сүйтгэсэн Сталинград хот дайсны хувьд эзлэгдэшгүй цайз болон тулалдаж байсан юм. Ийм учраас л бид ялсан юм. Ийм учраас бидний зүрхэнд агуу улсын нэр төр, яруу алдар, агуу Орос орон минь шингэсэн билээ. Энэ аймшигт дайнд амь насаа алдсан бүхнийг өнөөдөр бид дурсан санаж байна. Бид бүгдээрээ энэ дайныг дурсан санаж байна, учир нь энэ дайн айл гэр бүрийг хамарсан юм. Агуу улс орны айл өрх бүрийг хамарсан билээ” гэж Рогозин хэллээ.

ОХУ болон ТУХН-ийн орнуудын Агуу их Эх орны дайны ахмад дайчид энэ ойг олон нийтийг хамарсан дурсгалын үйл ажиллагаан дээр, гэр бүлийнхэнтэйгээ баярын ширээний ард, нэг хорооныхонтойгоо тэмдэглэж байна. Харин баярын салют, өнгө өнгийн ёслолын буудлага нь Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулахад тэдний оруулсан агуу гавьяны төлөө тэдэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл юм.