Орос улс Сталинградын тулалдааны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Сталинград баатар хот (одоогийн Волгоград) Дэлхийн 2-р дайны явцад эрс эргэлт гаргасан Ижил мfрний лут том тулалдаанд зөвлөлтийн цэргийн байгуулсан ялалттай холбогдон үе үеийнхний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм.

Сталинградын гудамжуудад явуулсан ширүүн байлдаан, хоёр талаас амь үрэгдсэн сая сая хүн, үнсэн товрог болсон хот… Зөвлөлтийн армийн фашистын булаан эзлэгчидтэй хийсэн 200 өдрийн тулалдаан хүн төрөлхөтний түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй цуст тулалдааны хувьд он дараалсан бичигт бичигдсэн юм. Зөвлөлтийн ард түмэн их хохирол хүлээж Сталинградын тулалдаанд ялалт байгуулж, фашистуудын дорнод тийш хөдөлгөөнийг зогсоосон юм. Гитлерийн цэргийн бүлгэмийг Сталинград орчимд бут ниргэсэн явдал Эх орны их дайны явцад эргэлт гаргав.

Сталинградын төлөө байлдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан түүх-дурсгалын том цогцолбор хотын төвд Мамаев дов дээр сүндэрлэн босов. Энэ газрыг санаатайгаар сонгож авсан юм. Эх орны их дайны үед тус дов Сталинградын фронтын батлан хамгаалах системийн гол хэсэг болсон. Хамгийн хүнд байлдаан чухам тэнд болжээ.

«Эх орон дуудаж байна!» гэдэг хөшөө дурсгалын цогцолборын төв хэсэг болсон юм. Сэлэм барьсан эмэгтэйн 52 м өндөр баримал хөвгүүдээ дайсантай байлдан дайтахад дуудан дайчилж байгаа Эх орны бэлгэ тэмдэг болов. 1967 онд барьж дууссан үеэр тэр хамгийн өндөр баримал байсан. Нью Йорк дахь Эрх чөлөөний баримал 46 метр өндөр байгааг харьцуулж үз л дээ. Экскурс хөтлөгч Елизавета Листова хэлэхдээ

«Эх орон дуудаж байна!» баримал бол нарийн тооцоолж хийсэн уран сэтгэмжийн бүтээл юм. 5,5 тонн жинтэй баримал чөлөөтэй ямар ч тулгуургүй зогсож байна. Хүндийн хүчийг зөв хуваарьлаж төмөр бетоноор хийсэн сараалж түүнийг тогтоон барьж байна. Түүнээс гадна төмөр бетоныг маш олон төмөр татлагаар ороон бүслэжээ.Эдгээр нь тус бүр 60 тонн хүчтэй татлагатай 99 төмөр оосор юм.Москва дахь Останкино телевизийн цамхагт ийм системийг бас хэрэглэсэн» гэв.

Мамаев дов дээрх дурсгалын цогцолбор сүндэрлэн боссноос хойшхи 50 гаруй жилд түүнийг 70 сая гаруй хүн, түүний дотор дэлхийн олон орны удирдагчид сонирхон үзсэн байна.