Нийгмийн хүрээг шинэчлэх, технологийн ахиц дэвшил гаргах, үйлдвэр худалдааны уур амьсгалыг өөрчлөх, удирдлагын системийг боловсронгуй болгох нь оросын засгийн газраас 2018 он хүртэл хийх ажлын зөвхөн зарим чиглэл юм. Ерөнхий сайд Дмитрий Медведев Сайд нарын танхимын үйл ажиллагааны хөтөлбөрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины даргалсан өргөтгөсөн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулав.

Владимир Путин засгийн газрын тэргүүн илтгэл тавихын өмнөхөн мэдэгдэхдээ хямралаас өмнөх эдийн засгийн загварт буцаж үл болно. Орос улс дэлхийн санхүү-эдийн засгийн системийн хөгжлийн хандлагад тохирон аяндаа хөгжих ёсгүй. Манай орон олон улсын үйл явцад үүргээ дээшлүүлэх боломжтой юм. Олон жилийн турш АНУ,Европт хэрэглээ нэмэгдсэн явдал дэлхийн эдийн засгийн нэг ёсны хөдөлгүүр болсон. Гэвч одоо энэ механизм тасалдаж байна гэж Путин тэмдэглээд

«Өрийн ачаалал ихтэй хөгжингүй эдийн засагтай орнууд эрэлтийг ташуурдахын тулд урьд еерсдий нь шүүмжилж байсан хэвшмэл арга барилыг одоо ашиглахыг оролдож байна. Тухайлбал цаасан мөнгө гаргаж байна. Энэ нь хэтдээ ямар хор уршигтай болохыг хэн мэдэх вэ. Бид дэлхийн эдийн засгийн байдлыг өөрчилж мэдэх өөр хүчин зүйлүүдийг ч харах хэрэгтэй. Эдгээр нь бүс нутгийн зах зээлүүдийн эрчимтэй өсөлт, технологийн чухал өөрчлөлт болон аж үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын шинэ орон тоо бий болгох бодлого зэрэг юм» гэлээ.

Орос улсыг өрсөлдөх чадвартай, нийгмийн зорилтыг биелүүлэх боломжтой болгохын тулд эдийн засаг дэлхийнхээс илүү хурдан хөгжих ёстой гэж Владимир Путин мэдэгдэв. Хөгжлийг урамшуулж, хүн амын зарлага орлогыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, орчин цагийн сая сая ажлын орон тоог байгуулж, хөрөнгө оруулаж, авилгалыг бууруулж, үр бүтээлтэй дэд бүтцийг төлөвшүүлэх нь зайлшгүй чухал.Түүнчлэн ардчилсан байгууллагууд болон иргэний нийгэм, хууль сахиулах системийг бэхжүүлэх нь нэн чухал гэж төрийн тэргүүн үзэж байна.

Засгийн газрын гол зорилт хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, тэдний хүч чадал дайчлан ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино гэж ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн хариуд мэдэгдэв. Гүйцэтгэх засаг захиргаа иргэдийн орлогын түвшинг хэвээр хадгалж, ДНБ-ний тогтонги өсөлтийг хангаж амжив. Эдгээр хандлагыг хэвээр хадгалах нь чухал гэж Дмитрий Медведев хэлээд

«Бид бодит байдал төдийгүй дэлхийн санхүү,эдийн засгийн хөгжлийн хандлагыг харгалзаж, сорилт аюулын хариуд зохих ёсоор арга хэмжээ авах ёстой. Боловсрол, ШУ, эрүүл мэнд зэрэг материаллаг бус хүчин зүйл илүү чухал ач холбогдолтой болох өсөлтийн технологийн шинэ баазыг төлөвшүүлнэ. Манай экспортын уламжлалт бараа таваарын эрэлт буурч байна. Бид ирээдүйгээ бодох ёстой. Хямралаас хойшхи байдал тодорхой биш байна. Иймээс ойрын таван жил нэн чухал юм. Энэ завсар хямралаас хойшхи дэлхийн шинэ онцлог төлөвшиж, технологи, нийгмийн шинэ эвсэл бий болно» гэв.

Оросын эдийн засгийн түүхий эдийн экспортыг баримжаалсан загварын ажиллагаа бараг шавхагдаж дууссан гэж ерөнхий сайд тэмдэглээд ойрын таван жилд өсөлтийг хангах ажлын үндсэн чиглэлийг тодорхойлов. Эдгээр нь бизнест таатай уур амьсгалыг төлөвшүүлэх, еврази, европ, ази номхон далайн чиглэлээр интеграцийг өргөжүүлэх, технологийг шинэчлэх зэрэг чиглэл билээ.

Зам, нисэх онгоцны харилцаа, боомт, Интернет сүлжээ, энергийн сүлжээ зэрэг орчин цагийн дэд бүтцийг байгуулахад гойд анхаарал тавих юм. Төрөөс нийгмийн хүрээг шинэчлэхэд идэвхтэй туслана. Засгийн газраас эмзэг шийдвэр гаргаж болзошгүй. Хамгийн гол нь сорилтыг давж шинэ боломж, тогтонги хөгжлийн эх сурвалжийг бий болгох хэрэгтэй гэж ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна.