Сүүлийн үед Япон улс Хятадтай харилцааг сайжруулахад бэлэн байгаагаа мэдүүлж байна гэж хятадын «Глобал таймс» сонины саяхны тайлбарт тэмдэглэжээ. Шинэ Комэйто намын удирдагч Нацуо Ямагутийн Бээжинд хийсэн айлчлалыг сонин тэгж үнэлсэн байна. Найдвар төрүүлэм шинж тэмдэг байсан ч Токио,Бээжин хоёр Дяоюйдао (Сенкаку) арлуудын тойрны хурц санал зөрөлдөөнийг түргэн зохицуулж чадахгүй гэж шинжээчид үзэж байна.

Нацуо Ямагути БНХАУ-д дөрвөн өдрийн айлчлал хийв. ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин түүнийг хүлээн авч уулзсан нь Бээжингээс мөн айлчлалд анхааралтай хандсныг харуулав. Японы улс төрч стратегийн нийтийн ашиг сонирхолд үндэслэн харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхийг уриалсан захидал Си Зиньпинд дамжуулан өгчээ. Хятад улс хоёр талын харилцааны хөгжлийг их ач холбогдолтойд үзэж байгааг Си Зиньпин тэмдэглэв.

«Глобал таймс» «хятадын харцагуудын» байр суурийг олонтаа илэрхийлж Хятад, Японы хооронд цэргийн мөргөлдөөн гарч магадгүйг мэдүүлж байсан ч энэ удаагийн тайлбар нь нэлээд аядуу агуулгатай байна. Тухайлбал «Глобал таймс» Японы ерөнхий сайд Синзо Абэ Нацуо Ямагутийн айлчлалыг нааштай дүгнэсэнд анхаарлыг хандуулав. Бээжинд хийсэн уулзалт хэлэлцээний үеэр «харилцан ашигтай харилцаанд тус дөхөм үзүүлэхээр зөвшилцсэн нь» чухал гэж хятадын сонин үзэж байна.

Нацуо Ямагутийн айлчлал үнэхээр нааштай үр дүнтэй болсон гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн шинжээч Валерий Кистанов хэлээд

«Айлчлал сүүлийн үед нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж эрс хурцдсан Япон, Хятадын хоорондын харилцааг бага зэрэг сайжруулах үр дүнтэй болсон. Хятад улс хөлөг онгоц, нисэх онгоцоо тийшээ байн байн явуулж, байр сууриа илтгэн харуулж байна. Япон эдгээр арлыг дангаар хяналтдаа авах ёсгүй гэж хятадын тал үзэж байна. Байдлаас харахад хоёр тал эрс тэрс байр суурь баримталж байгаа учраас байдал ойрын үед өөрчлөгдөхгүй бололтой. Одоо Абэ Си Зиньпинтэй уулзаж, байдлыг ядаж зөөлрүүлэх замыг олох бодолтой байна» гэв.

Урьд Синзо Абэ Японы нутаг дэвгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах талаар нэлээд хатуу мэдэгдэл хийж байсныг харгалзвал мөн эргэлт найдвар төрүүлсэн гэж оросын шинжээч Валерий Кистанов үзэж байна. Мөн дохиог Бээжин хүлээж авах эсэхэд хэргийн учир оршино. Одоогоор хятадын тал эвлэрэх боломжийн тухай нэлээд тэвчээртэй байр суурь баримталж байна. Бие биеэдээ итгэх явдлыг ч бусниулсан юм.

Хатуу байр суурь баримталж байгаа Абэ маргаантай арлуудын асуудлаар үзэл санаагаа түргэн өөрчлөхгүй гэж Ардын их сургуулийн Зүүн Азийн судлалын төвийн захирал Хуан Дахуэй үзэж байна. Синзо Абэйн АНУ-д хийх айлчлал гол үүрэг гүйцэтгэж магадгүй. Вашингтон Хятад улсыг тогтоон барих ашиг соирхолоо удирдлага болгон үнэн чанартаа Токиог дэмжинэ гэж хятадын шинжээчид үзэж байна. Тэгвэл хятад-японы санал зөрөлдөөн сунжирч архаг шинжтэй болж мэднэ.