АНД-н бүс нутгийн орнууд нь афганистаны мансууруулах бодисын аюултай тэмцэх хүчин чармайлтуудаа нэгтгэх х төлөвтэй байна.  Орос улсын Приморийн хязгаарын Владивосток хотод ажлаа өндөрлөж байгаа АНД-н бүсийн парламентын чуулганд оролцогчид холбогдох тогтоолыгбатлах юм.

Олон улсын хэдэн арван байгууллагын төлөөлөгчид болон үндэсний парламентын зуун тавь гаруй депутатууд бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг энд хэлэлцэж байна. Төвийн асуудлуудын нэг мансууруулах бодистой хийх тэмцэл юм. Владивостокд Афганистаны төлөөлөгчдийг баяртай хүлээн авсан.

Тэдний парламентчид чуулганд анх удаагаа ажиглагчдын статустай оролцож байгаа. Афганистан болон Төв Азийн хүрээнээс хол давсан мансууруулах бодисын тулгамдсан асуудалтай бүс нутгийн төдийгүй дэлхийн түвшинд хүчээ нэгтгэж байж л үр дүнд хүрнэ гэдэгт оросын парламентын дээд танхимын дэд спикер Ильяс Умаханов итгэлтэй байна.

Орос улс мансууруулах бодистой тэмцэх бодлогоо НАТО-Орос улсын төслийн хүрээнд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын болон ШХАБ-ын түншүүдтэйгээ нягт харилцан ажиллагаатай явуулж байна. АНД-н бүс нутгийн парламентчдын батласан тогтоол нь энэ чиглэлд ажлыг эрчимжүүлэх эрх зүйн хүчтэй үндэслэлийг олгож байна гэж Умаханов мэдэгдээд

«Бид мансууруулах бодистой холбоотой санхүүгийн урсгалыг таслан зогсоох нэгдсэн зохицуулалын тухай ярьж байна. Түүнчлэн бид Афганистаны оршин суугчдад намуу цэцгийг тариалахаас илүү ашигтай зүйлийг санал болгохоор зорьж байна. Харамсалтай нь намуу цэцгийн тариалалт нь олон хүмүүсийн амь зуух цорын ганц эх үүсвэр болдог юм. Өөрөөр хэлбэл, хүчнийхний үйл ажиллагааг Афганистан нийгэм-эдийн засгийн сэргэлтээс болон олон улсын хамтын нийгэмлэгийн бүхий л хүчин чармайлтуудаас ангид авч үзэж болохгуй юм» гэлээ.

Афганистаны мансууруулах бодисын бизнес нь бүс нутгийн бүх улс орнуудад сөрөг нөлөө үзүүлж байдаг нь тодорхой болсон юм. Уг бизнесээс олсон ашиг орлогоор эрүүгийн гэмт хэрэгтэнгүүд болон шашны – экстремист бүлэглэлүүдийг тэтгэж, төрийн бүтцүүдийн авилгад зориулсан хөрсийг бий болгож байна.

Одоогийн байдлаар Афганистанд дэлхийн героины нийт хэмжээний 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Ингэхдээ шинжээчид үүнийг цаашдаа өснө гэсэн таамаг тавьж байна. 2014 онд олон улсын аюулгүй байдлын хүчнийхэн Афганистанаас гарч явахад тус улсын байдал сэтгэл түгшээж байгаа тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Юрий Федотов нуусангүй ийн ярьлаа.

«Ирээдүй найдвар төрүүлэхгүй байна. Хэрвээ талибууд болон засгийн газрын хоорондын үндэсний эвлэрлийн үнээр мансууруулах бодисын тухай асуудлыг тавиад, тэд энэ үндсэн дээр ойртвол, Афганистан нь бүрэн хэмжээний хар тамхины улс болно.Тиймээс НҮБ өнөөдөр ийм ирээдүйд бэлтгэх бүхийл ажлыг хийж байна. Өмнө нь хэзээ ч ийм байгаагүй, анх удаагаа бид Афганистан  хөрш зэргэлдээ, Төв Азийн орнууд болон Иран, Пакистан улсуудад зориулж бүс нутгийн цогцолбор хөтөлбөрийг гаргаж, афганистаны цэргийнхэнтэй идэвхитэй ажиллаж байна» гэж Юрий Федотов хэллээ .

Орос улс Афганистанд үргэлжлүүлэн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай оросын парламентын дээд танхимын спикер хатагтай Валентина Матвиенко Владивостокийн АНД-н бүсийн парламентын чуулганы үеэр Афганистаны Үндэсний ассамблейн Ардын танхимын тэргүүн Абдула Рауф Ибрагимтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдсэн юм.

Хатагтай Матвиенко саяхан Оросын соёлын төвийн барилгын ажил эхэлсэн болон оросын их, дээд сургуулиудад афган оюутнууд суралцаж байгаа тухай тэмдэглэн өгүүлсэн. Москва Афганистанд хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлж байгаа. Нэгдүгээр сард гурван мянган тонн улаан буудайн гурил болон ачааны машинуудыг нийлүүлсэн.Орос улс энхийн,  терроризм ба хар тамхинаас хараат бус Афганистан улсыг сэргээн хөгжүүлэх сонирхолтой юм. Энэ нь Төв Азид төдийгүй дэлхийн аюулгүй байдлыг хангахад нэн чухал юм гэж хатагтай Матвиенко цохон тэмдэглэв.