Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси хөл хорих цаг тогтоосон дэглэмийн үйл ажиллагааг хязгаарлах буюу бүрмөсөн зогсоох эрх Порт-Саид, Исмаил, Суэц хотуудын эрх баригчдад олгосон тухай өнөөдөр Си-Эн-Эн телевизийн компани египетийн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний мэдэгдлээс иш татан уламжлав. Одоогоос зургаан өдрийн өмнө Египет улсад эхлэсэн олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг зогсоохын тулд хөл хорих цаг 1-р сарын 28-нд египетийн хотуудад тогтоосон билээ.

Гэвч мөн шийдвэр үр дүнд хүрсэнгүй. Олон мянган хүн хөл хорих цаг тогтоосон дэглэмд захирагдахаас татгалзан эсэргүүцлийн тэмцэлд оролцов. Египетэд улс төрийн сөргөлдөөн үргэлжлэх нь «улс сүйдэх» уршигтай болно гэж Египетийн БХ-ын сайд генерал Абдель Фаттах ас-Сиси мэдэгдэв. Египетийн хувьсгалын хоёр жилийн ойн өдрүүдэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнөсний дараа Мурси яриа хэлэлцээ хийхийг либерал сөрөг хүчинд санаачлав.

Гэвч сөрөг хүчин яриа хэлэлцээ хийхээс татгалзсан юм. Ас-Сиси ерөнхийлөгчийн эсрэг үг хэлээгүй гэж «Лалын ахан дүүс» хөдөлгөөний төлөөлөгч Гехад Хаддад мэдэгдлээ. Түүний хэлснээр энэ нь эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцогчдод зориулсан хариуцлагатай мэдэгдэл юм. «Арми бол төр улсын нэг хэсэг юм. Ерөнхийлөгч армийн ерөнхий командлагч» гэж египетийн улс төрч тэмдэглэн хэлжээ.