Одоогооос 15 жилийн өмнө иргэний зориулалттай ОУСС байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ гэрээнд Орос, Канад, Япон улсууд, АНУ, Европын сансарын агентлагын улсууд оролцсон юм. Шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны энэ өргөн төсөл маш үр ашигтай болсон юм. Өнгөрсөн хугацаанд тойрог замын энэхүү өргөөнд манай дэлхийн 15 улсын 200 гаруй дэлхийхэн ажиллаж амьдарсан юм.

ОУСС байгуулах тухай гэрээ 5 жил үргэлжилсэн юм. Энэ төслийг хэрэгжүүлэх улс төр, хууль эрх зүй, техникийн баазыг байгуулах шаардлагатай байсан юм. Гэрээнд оролцсон улсуудын шинжлэх ухаан техникийн нөөц бололцоог нэгтгэж чадах тийм шийдвэрийг олох эрэл хайгуул хийж байлаа. Вашингтонд 1998 оны 1-р сарын 29-нд хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд тэр жил нь тойрог зам руу эхлээд оросын дараа нь сансарын станцийн америкийн модулийг тус тус хөөргөсөн юм.

Үүнээс хоёр жилийн дараа “Союз” ачаа тээврийн хөлөг ОУСС-д удаан хугацаагаар ажиллах багыг хүргэсэн юм. Сансарын станцийг эхлээд 15 жил ашиглана гэж тооцсон байсан юм. Харин дараа нь энэ станц илүү удаан ашиглаж болох боломжтой нь харагдсан юм. Энэ станц нь 2020 он хүртэл ажиллахад ямар нэгэн техникийн саад тотгор байхгүй гэж сансарын агентлаг үзсэн гэж ОУСС-ийн оросын хөтөлбөрийн удирдагч, Холбооны сансарын агентлагын жолоодлогот хөтөлбөрийн удирдах газрын дарга Алексей Краснов үзэж байна.

"Энэ станц бол сансарын тойрог замын хосгүй лаборатор юм. Технологийн талаас нь авч үзвэл хамгийн хөгжилтэй дэлхийн орнуудын бүтээсэн бүхнийг энэ станц нэгтгэж байгаа юм. Энэ төсөл үнэхээр сонирхолтой юм. Хэрвээ 2020 он хүртэл солиртой мөргөлдөх гэх мэт сүйрэлт үзэгдэл болохгүй л бол ОУСС оршин тогтнох бүрэн чадвартай бөгөөд түүний нөөц бололцоог сунгах хэрэгтэй. 20 оноос хойш юу болохыг харж л байя.

Хоёр жилийн дараа бид энэ тухай түншүүдтэйгээ ярих байх гэж би бодож байна. 20 оноос хойш ч станцийг ашиглах сонирхол байгаа гэсэн үндэслэл байгаа юм. Бид дахиад шинэ станц бүтээх хүртэл энэ станц маань байх болно. Шинэ станц дараачийн арван жилийн эхэн буюу 2022-23 онуудад л бий болох бол уу" гэж Алексей Краснов хэллээ.

Дөрвөн зуун тонн жинтэй энэ станц 340 километрийн өндөрт манай гариг дэлхийг тойрон хоногт 16 эргэлт хийж байгаа юм. ОУСС бүрэн хэмжээгээрээ 14 модулиас бүрдэх бөгөөд мянган шоо метр эзэлхүүнтэй байх юм. Энэ төслийн нийт өртөг нь 157 тэрбум АНУ-ын доллар юм. Энэ жилүүдэд тус станц дээр хийсэн туршилтуудаас маш олон сонирхолтой үр дүнд хүрсэн бөгөөд түүнийг нь дэлхий дээр болон сансарт ашигласан юм. Асар үнэтэй энэ төслийг ашигтай гэдгийг үүгээр харуулж байгаа юм гэж “Жей Си бүлгийн” ерөнхий захирал Евгений Черняков тэмдэглээд

"Одоо энэ станц анхнаасаа чухам юунд зориулагдсан байсан тэр үүргээ биелүүлэх болно. Тус станц дээр тойрог замын удаан хугацааны нислэгийг боловсруулах болно. Оросын Анагаах ухаан, биологийн асуудлын хүрээлэн дээр хийсэн “Марс-500” туршилтын ажил жил хагасын өмнө дууссан. Харин одоо ОУСС дээр сансарын нислэгийг дууриалгасан бүтэн жилийн туршилт хийхээр төлөвлөж байна. Тэнд газар дээр хийхэд хүндрэлтэй байсан жингүйдэл, болон өөр нилээд хүнд хэцүү хүчин зүйлүүдийг дууриалган хийж болох юм" гэлээ.

ОУСС дээр хийх бүтэн жилийн нислэгийг 2015 оны хавар хийхээр төлөвлөж байна. Энэ нислэгт оросын Михаил Корниенко, америкийн Скотт Келли нар бэлтгэж байна. Тэдний экспедицийн мэдээ материалууд нь ирээдүйд Сар, Улаан нүдэн гариг, Сүүлт од руу хийх нислэгтэй холбоотой болзошгүй эрсдэлийг багасгах талаар авах арга хэмжээг өндөр нарийвчлалтай тодорхойлоход тус болно.