Алс-Дорнод болон Байгалийн бүс нутгууд нь Владивосток хотод зохиогдож байгаа АНД-н бүсийн парламентын чуулганд хөгжлийн хөтөлбөрүүдээ өргөн барина. Үндсэн илтгэлийг Алс-Дорнодын хөгжлийн төрийн зөвлөлийн ажлын хэсгийн тэргүүн, Амар мужийн захирагч Олег Кожемяко тавина. Амар орчмын төлөөлөгчид АНД бүсийн нилээд хэдэн орны төлөөлөгчидтэй хамтарсан төслүүдийн асуудлаар уулзалт хийнэ. “АНД бүсийн чадавхи маш их, тэнд дэлхийн ДНБ-ний 55 % үйлдвэрлэдэг. АНД бүсийн эдийн засагт бид илүү идэвхитэй оролцож болох юм. Үүнд ойрын жилүүдэд ерөнхийлөгчийн даалгавраар цахилгаанжуулагдах Транссиб, БАМ-ын транзит замууд чухал үүрэг гүйцэтгэх болно“ гэж Кожемяко хэллээ.

Урьд мэдээлж байснаар, Владивосток хотын Русский арал дээр даваа гаригт нээгдсэн АНД-н бүсийн парламентын 21 дэхь чуулганд дэлхийн 40 орчим орны төлөөлөгчид оролцож байна. Чуулганы ажилд оролцож байгаа АНД-н бүсийн орнуудын парламентын дээд танхимуудын төлөөлөгчид нь улс төр болон аюулгүй байдал, эдийн засаг болон худалдаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж байна.

АНД-н бүсийн парламентын чуулга нь олон улсын парламентын байгууллага юм.Уг байгууллагын зорилго нь АНД-н бүсэд энх тайван, тогтвортой байдлыг хангах үүднээс бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэн; худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалахад болоод гэмт хэрэг, терроризмыг сөрөн зогсоход дэмжлэг үзүүлж, соёл болон боловсролын шугамын солилцоог идэвхжүүлэхэд оршиж байна.