Мавритан, Алжир, Мали улсууд болон Хойд Африкийн өөр хэд хэдэн улсыг багтаасан Сахель бүс нутагт байдлыг тогтворжуулах болон лалын хэт даврагчдаас чөлөөлөхийн тулд Япон улсын засгийн газар 120 сая доллар гаргана. Япон улсын ГХЯ-ны тэргүүн Фумио Кисида өнөөдөр ингэж мэдэгдлээ. Алжир улс дахь олон улсын ВР компанид ажиллаж байсан японы 10 ажилтны амь насыг хороосны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна гэж Франс Пресс агентлаг уламжилсан байна.

Энэхүү санхүүгийн тусламж нь улсын хяналт шалгалт болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тэр дундаа энхийг сахиулах хүчний явуулах ажиллагааг хангахад тус дэм болно гэж Фумио Кисида тэмдэглэсэн байна. Энэ арга хэмжээ нь АФИСМА африкийн олон улсын энхийг сахиулах хүчний үйл ажиллгааг бэхжүүлж, алан хядах ажиллагааг дэлгэрүүлэх хөрс суурь болж байгаа ядуурлыг бууруулна гэдэгт Япон улс найдаж байна гэж сайд хэлсэн байна.

Алжир улсын баруун урд нутагт ажиллаж байгаа ВР компанийн нефть хийн заводыг алан хядагчид 1-р сарын дундуур эзлэж авсан юм. Барьцаалагдсан хүмүүсийг суллахаар алжирийн тусгай албаны цэргүүдийн явуулсан ажиллагааны үеэр энэ үйлдвэрт ажиллаж байсан 37 гадаадын иргэд амь насаа алдсан юм. Тэдний дунд 10 япон хүн байжээ. Алжир улсад барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагааны үеэр хамгийн олон хүнээ алдсан улс орон нь Япон улс болсон юм.