Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай “шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гаригт хүлээн авч сонсох боломжтой . Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru болон шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглан ирүүлээрэй !

Орос улсад Шинэ жилийн салютын буудлагууд ард үлдэсэн энэ өдрүүдэд монголчууд Сар Шинийн баярынхааа бэлтгэлийг ид базаан, бууз баншаа чимхэж, хонины ууц болон тавагийн боовоо сонгож, амттан шимттэнээ бэлтгэж, архи дарс, сүү цагаан идээгээ авч, өтгөс, нялхс болон төрөл төрөгсөд, ах дүү, найз нартаа өгөх гарын бэлэгнүүдээ сонгон авч, Цагаан сардаа шургуу бэлтгэцгээж байгаа.

Баяртаа бэлтгэхийн зэрэгцээ бидэнд захидал илгээхдээ түүртээгүй сонсогч олондоо бид талархал илэрхийлж байна. Эхний захидлыг бидэнд цахим шуудангаар Нацагдоржийн Батмөнх ирүүлсэн юм. Тэр захидалдаа, би анх удаа та бүхэнд захидал бичиж байна. Саяхан би танай нэвтрүүлгийг сонслоо. Би Хятад улсад их сургуульд суралцдаг. Танай нэвтрүүлгийг сонсох боломж надад үгүй, гэхдээ би танай сайт дээрээс татаж сонсдог. Ийм боломж олгосонд их баярлалаа. Танай нэвтрүүлгээр явсан боловсролын тухай материал надад их таалагдлаа. Одоо оросын залуучууд ямар мэргэжил эзэмшихийг илүүд үзэж байгаа тухай ярьж өгвөл сайн байна” гэжээ.

Батмөнх өө, бидэнд хандаж юу сонсох тухайгаа захидал ирүүлсэнд, танд талархлаа. Одоо үед компьютер болон Интернет чухал үүрэг гүйцэтгэж байгаа болохоор Орос улсад ч компьютерын хангамжийн мэргэжлээр болон IT –мэргэжилтэнээр суралцах хүсэлтэй залуучууд маш их байдаг юм. Урьдын адил менежер болон маркетингийн мэргэжлээр сургууль төгсөгчид тэргүүлж байна. Чухамдаа тэд компаниудын орчин үеийн стратеги болон хэрэглэгчдэд шаардлагатай илүү сонирхолтой үйлчилгээнүүд болоод бараа таваарыг олж байдаг юм. Хэдэн жилийн өмнөхтэй адил одоо ч гэсэн, манай залуучууд эдийн засагч, хуульч мэргэжлийг ихэд сонгож байна. Орчуулагч, аялал жуулчлалын чигэлэлээр суралцах гэсэн хийгээд зочид буудлын бизнесийн салбарт ажиллах хүсэлтэй хүмүүс багагуй байна. Урьдын адил эмч, багшийн мэргэжилтэй болон барилгын мэргэжилтэнүүдийн эрэлт хэрэгцээ их байна.

Ирээдүйн прогнозын хувьд гэвэл, нано болон био-технологийн, аж үйлдвэрийн болоод тээврийн салбаруудад ажиллах мэргэжилтэнүүдийн эрэлт хэрэгцээ өсч байна.

 Дараагийн захидлыг бидэнд Булган аймгаас С.Алтанцэцэг ирүүлжээ. Тэр захидалдаа, манай “Шуудангийн хайрцаг “нэвтрүүлгийг сэргээсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Би “Оросын дуу хоолой” радиог сонсох их дуртай. Танай радиогийн уран бүтээлчдэд амжилт хүсье! Та бүхэн нэвтрүүлгээр эрүүл аж төрөх ёсны тухай ярьж өгнө үү?”гэж тэр захидалдаа хүсчээ.

 Эрхэм Алтанцэцэг ээ. Бид таны асуултанд хариулъя. Эрүүл аж төрөх ёс орос улсад болон дэлхий дахинд хамгийн эн тэргүүнд тавигдаж байгаа зүйл. Хүмүүс өөрсдийн хүнсэнд аль болох эрүүл хүнс хэрэглэх болсон нь чухамдаа үүнтэй холбоотой. Жишээ нь, Москва орчимд саяхан онцгой “экологийн аж ахуй” бий болсон. Аж ахуйн байгууллагуудын үйлдвэрлэж байгаа мах, ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнүүд нь бусдаас үнэ илүүтэй ч, химийн болон биологийн нэмэгдэлүүд үгүй жинхэн цэвэр бүтээгдэхүүнүүд юм. Түүнчлэн тамхины эсрэг өргөн цар хүрээтэй ажил явагдаж байна. Улстөрчид олон нийтийн газрууд, түүхэн үнэт дурсгалын гудамж талбайнуудад тамхи татхыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Олон тооны залуучууд болон хөгшчүүл идэвхигүй амьдралын хэв маягаас татгалзаж байна. Жишээ нь, олон цагаар суудлын ард ажилладаг хүмүүст зарим үйлдвэр, аж ахуйн байгууллагуудад үдийн завсарлагааны үеэр нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх биеийн тамирын дасгал нэвтрүүлээд байна.

Одоо Алтанцэцэгийн хүсэлтийг биелүүлж, түүний хайртай дуучин Алсугийн дуулсан “Иногда” /”Заримдаа”/ дууг сонсгоё.

Манай радиосонсогчид янз бүрийн насны хүмүүс байдаг. Тэдний ихэнхи нь сургуулийн насны хүүхэдтэй байдаг. Бидэнд Дархан хотоос захидал ирүүлсэн Б.Ариунаа ингэж бичжээ.

“Сайн байцгаана уу? Би гурван хүүхэдтэй. Тэд дунд сургуульд суралцдаг. Бид танай нэвтрүүлгийг сонсох дуртай байдаг юм. Танай нэвтрүүлгээс орос улсын ихэнхи нутгуудад сурагчдын дүрэмт хувцсыг нэвтрүүлж байгаа тухай ярьсан. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж өгнө үү? Та бүхнээс Валерий Миладзегийн дуулсан дуунаас сонсгож өгөхийг хүсье?

Ариунаа. Захидал ирүүлсэнд баярлалаа.Орос улсад 1994 оны хавраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг цуцалсан юм. ЗХУ-ад сурагчид нэгдсэн дүрэмт хувцас өмсөж байсан. Сурагчийн дүрэмт хувцас нь хүүхдийн болон өсвөр үеийхний дунд нийгмийн ялгаатай байдлыг нь нилээд хэмжээгээр нимгэллэж өгдөг гэж үздэг . Нэг хэсэг хүүхдүүд нь өндөр үнэтэй брендийн хувцас өмсөж байхад, нөгөө хэсэг нь үнэ багатай дэлгүүрийн хувцас өмссөн байх нь гэр бүлүүдийн орлогын зөрүүг шууд илт тавьдаг. Сургуулийн дүрэмт хувцасны хоёрдахь эерэг тал нь сахилга батын нөлөө юм . Хувцасны загвар зохион бүтээгчид сургуулийн дүрэмт хувцсыг яаж ч өөрчилсөн бай, эл загвар нь төв, ажил хэрэг шинжийг агуулсан загвартай байх бөгөөд сурагчдын анхаарлыг тэдний үндсэн ажил- сургалтын хөтөлбөрөөс ерөөс сарниулахгуй байх ёстой юм. Сурагчийн дүрэмт хувцасны хамгийн гол эерэг тал нь хамт олныг нэгтгэх зорилготой юм.

Орос улсад сурагчийн нэгдсэн дүрэмт хувцас гэж үгүй. Гэхдээ олон лицей, гимнази болон сургуулиуд тухайн боловсролын байгууллагад харъяалагдах өөрийн дүрэмт хувцастай. Сургуулиудад албан ёсоор баталсан дүрэмт хувцас үгүй, гэхдээ нилээд хэдэн ерөнхий боловсролын сургуулиудад эцэг, эхчүүдтэй тохиролцсоны үндсэн дээр тийм хувцас өмсөж байгаа. Түүнчлэн, сурагчийн дүрэмт хувцасгүй сургуулиудад ердийн ажил хэрэгч загварын хувцас өмсч байхыг тогтоосон юм. Сурагчийн дүрэмт хувцасны тухай ярихдаа, эл асуудлыг эрх зүйн асуудлыг хөндөхгүй байж хэрхэвч болохгуй юм. Сургуулийн захирал сурагчийн дүрэмт хувцас өмсөх тухай өөрийн дүрмийг гаргадаг нь олонтоо. Үүнийг эс биелүүлвээс хичээлд оруулахгуй. Гэтэл уг шаардлага нь тус улсын “Боловсролын “ тухай хуулийн болон Үндсэн хуулиар хүүхдэд олгосон эрхийг зөрчиж байна. Сургууль бүр сурагчийн дүрэмт хувцсыг бие даан шийдэх ёстой бөгөөд эл асуудлыг багш нар болон эх, эцгийн болон сурагчдын ижил тооны төлөөллүүдээс бүрдсэн сургуулийн Зөвлөлийн хурал дээр хамтдаа шийдэх ёстой.

Саяхан орос улсын ерөнхийлөгч ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн дүрэмт хувцсыг заавал оруулах нь ашиг тустай гэж хэлсэн. Одоогийн байдлаар сургуулийн дүрэмт хувцсыг боловсруулахаар загвар зохион бүтээгчид ажиллаж байна. Түүнчлэн үүнтэй холбоотой улсын захиалга ч орос улсын аж үйлдвэрт эерэг нөлөө үзүүлнэ.

Эрт цаг үеэс морь хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Морийг уналагт хэрэглэж, газар тариаланд болон дайн тулалдаануудад ашиглаж ирсэн. Тэгвэл нүүдэлчдийн амьдралд морь онцгой байр эзэлдэг. Энэ тухай Говь-Алтай аймгийн Хоовойн Батсүх бидэнд ирүүлсэн захидалдаа ийн бичжээ.

“Шуудангийн хайрцаг ” нэвтрүүлэг миний сонсох дуртай нэвтрүүлгийн нэг. Та бүхэнд сонсогчдын захидалд хариу өгч, дуу хөгжмийн захиалга явуулаг сайхан нэвтрүүлгийг сэргэсэнд талархаж байна. Би олон адуутай, өөрөө морь уядаг. Тиймээс Орос улсын морин тойруулгын тухай ярьвал, бусад сонсогчдод бас сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье! “гэж бичжээ.

Батсүх ээ! Манай нэвтрүүлэгт захидал бичиж ирүүлсэнд баярлалаа. Одоо бид таны асуултанд хариулт өгье.

Одоо ОХУ-ад нийт 19 морин тойруулгын газар байдаг. Тэдгээрийн хамгийн том нь Москвагийн төв морин тойруулга бөгөөд Европд хамгийн эртнийх нь юм. Москвагийн морин тойруулга нь 1834 онд байгуулагдсан. Морин тойруулга байгуулагдсан анхны жил уралдаанд ердөө 12 морь оролцож байжээ. Яваандаа энэ тоо нь нэмэгдэх болжээ. 19-р зууны 80-аад он хүртэл уралдаануудад бооцоо тавьдаггүй байжээ. Ийм боломж гарах болсон тэр үеэс морин тойруулгыг сонирхох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн аж.

1918 онд иргэний дайн гарахад морин тойруулгыг хаажээ. Байгууллагын нутаг дэвсгэр дээрцрэгийн сургуулилтууд боон цугдаан зохион байгуулагдаж байв. 1921 онд Москвагийн морин тойруулгыг морины тэмцээн зохион явуулах зорилгоор дахин нээжээ. 20 -р зууны 90-ээд онуудад Москвагийн морин тойруулга нь бас нэгэн хүнд үетэй тулгарсан юм. Энд 8 жил ямарч уралдаан явагдаагүй байсан бөгөөд 2000 оноос морин тойруулга ажлаа сэргээжээ. Уралдаануудад оросын төдийгүй гадаадын орнуудаас янз бүрийн үйлдрийн, янз бүрийн насны морьд оролцдог. Үзүүр, түрүү болон эхний байруудыг эзэлсэн морьдын шагналын бай маш их үнэтэй шагнал байдаг. Энд морь уралдахаас гадна морин пологийн тэмцээн, үзүүлэн тоглолтууд болоод тэдгээрийн завсарлагаар тэмээний болон холбоостой ноходын уралдаанууд болоод бусад сонирхолтой олон тэмцээнүүдийг зохиодог байна.

Москвагийн төв морин тойруулгаас гадна Орос улсад Казань, Пятигорск, Раменскийн болон Алтайн хязгаарын зэрэг томоохон морин тойруулогууд ажилладаг.

Харин одоо Батсүх таньд болон монголын манай сонсогчдод зориулан “Любэ”хамтлагийн дуулсан морины тухай ийм нэгэн дуугаар бид ая дуу мэндчилгээ дэвшүүлж, энэ удаагийн манай “шуудангийн нэвтрүүлгээ өндөрлөх болно.

Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр дуусч байна. Манай нэвтрүүлэг ямар болж байгаа болон та бүхэн юу сонсох хүсэлтэй байгаа тухайгаа бидэнд захидал ирүүлж байгаарай. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн: post_mn@ruvr.ru хаягаар юм уу, эсвэл шуудангийн 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию хаягаар хаяглан ирүүлээрэй!