Египетийн армийн анги салбар, танкуудыг эмх замбараагүй байдлаас сэрэмжлэхээр Суэц хотын гудамжуудад гаргав.Өчигдөр Мубаракын эсрэг бослогын хоёр жилийн ойн өдөр байдал эмх замбараагүй болов. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсний улмаас долоон хүн амь насаа алдасны дараагаар цэрэг хотод оруулсан тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Бас нэгэн хүн Исмаилд мөргөлдөөнд амь үрэгдэв. Египетэд мөргөлдөөний уршгаар 400 орчим хүн шархджээ. Каирт телевизийн төвийг дайран эзлэхийг хэдэн зуун жагсагч оролдов. Мөргөлдөөн өдөөгчид байшинг хамгаалж байгаа цэргүүдийг чулуудаж, шатахуун бүхий лонх хэрэглэн дайрчээ. Аюулгүй байдлын хүчин цугларагсадыг шахан ухруулахын тулд нулимс асгаруулах хий хэрэглэжээ. Мөн томоохон Александрия боомт хот бас эмх замбараагүй байдалд оров.

Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси «Твиттерт» улс орныхоо иргэддээ хандан хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, «санал бодлоо тайван чөлөөтэй илэрхийлэхийг» уриалсан байна.

Ерөнхийлөгч Мухаммед Мурси дарангуйлан захирах бодлого явуулж, эмэгтэйчүүд ба христийн шашинтнуудын эрхийг бүрэн хамгаалахгүй шинэ Үндсэн хуулийн төслийг батлахыг эрмэлзэж байна гэж Египетийн либерал сөрөг хүчин үзэж, ерөнхийлөгчийг зэмлэж байна. Мөн египетийн засгийн газар эдийн засгийн хямрал гүнзгийрсний буруутан хэмээн үзсэн юм. Сөрөг хүчин нэг жилийн өмнө радикал лалын хүчнийг сонгуульд дэмжсэн ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэхгүй байна гэж Мурси зэмлэн буруушаажээ.