БНХАУ-ын баруун-өмнөд хэсэгт орших Түвдийн өөртөө засах орны захиргааны нийслэл Лхас хотын Потала ордон саяхан Хятад улсын хамгийн их сонирхол татах аялал жуулчлалын объектуудын цэст багтсан тухай Синьхуа агентлаг ТЕЗО-ны аялал жуулчлалын газрын мэдээллээс иш татан уламжлажээ. Энэ нь Түвдийн аялал жуулчлалын ийм хэмжээний анхны объект гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Хятадын нэлээд чухал дурсгалуудын анхны цэсийг 2007 онд нийтлэсэн билээ. Бээжин дэх эзэн хааны ордон байсан Гугун музей, Цагаан хэрэмийн «Бадалин» хэмээх хэсэг гэх мэт нийт 66 объект мөн цэст дурдагдсан юм.

Потала ордон бол Түвдийн бэлгэ тэмдэг гэмээр байшингийн нэг билээ. Түүнийг сүм хийдийн хувьд У11 зуунд барьжээ. Урьд өмнө хэдэн зуун жилийн турш сэлбэн шинэчлэх, өргөжүүлэх маш олон төслийг хэрэгжүүлсний үр дүнд 360 мянган ам метр талбайтай уран барилгын цогцолбор Түвдийн томоохон ордон болов. 1961 онд энэ ордныг төрийн хамгаалалтад байгаа нэн чухал соёлын дурсгалуудын цэст, 1994 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн объектуудын цэст багтаасан юм. Статистикийн тоо баримтуудаас харахад дөнгөж 2012 онд ордон хятадын ба гадаадын нийт 1 сая гаруй жуулчныг хүлээж авсан байна.