Цөмийн шинэ туршилт хийх төлөвлөгөөтэй байна гэж Пхеньян зарлан мэдээлэв. Туршилт АНУ-ын эсрэг чиглэгдэнэ гэж БНАСАУ-ын Ким Чен Ун тэргүүтэй Улсын батлан хамгаалах хорооны мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн хиймэл дагуул, алсын тусгалтай пуужингаа хөөргөнө гэж Пхеньян батлан илэрхийлэв.

НҮБ-ын АЗ-ийн хоригийг өргөжүүлсний хариуд Пхеньян цөмийн шинэ туршилт хийх тухай мэдэгдсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт АЗ БНАСАУ-ын пуужингийн саяхны хөөргөлтийг буруушаасан тогтоолыг батлав. Үүний хамт урьд тогтоосон эдийн засгийн хоригт хамрагдах БНАСАУ-ын байгууллага, хүмүүсийн цэсийг өргөжүүлсэн юм. Пхеньян цөмийн туршилт хийсний хариуд ийм хориг 2006, 2009 онд тогтоосон билээ. Эдгээр хориг арга хэмжээ пуужин-цөмийн салбарт ажиллаж байгаа умард солонгосын компаниудын санхүүгийн сувгийг хаажээ.

Цэргийн чадавхиа нэмэгдүүлж,цөмийн хөтөлбөрөө хөгжүүлнэ гэж Пхеньян АЗ-ийн шинэ тогтоолын хариуд тэр даруй мэдэгдэв. Үүний хамт тус улс Солонгосын хойгт цөмийн зэвсгийг устгах асуудлаархи зургаан талт хэлэлцээнд оролцохоос татгалзав. АНУ, Хятад, Орос, Япон ба хоёр Солонгос улсын хийж байгаа хэлэлцээ бүр 10 жил үргэлжилж байна.

Пхеньяний хатуу хариу наанадаж гурван зорилготой гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн АНДБН төвийн шинжээч Вячеслав Амиров хэлээд

«Дотоодын зорилго удирдлага шийдвэр төгс, нэгдэл нягтралтай байгааг харуулахад оршино. 2 дахь нь анхаарлыг татах зорилго юм. Гадаадын тусламж Пхеньянд их шаардагдсан боловч авч чадахгүй байна. Хатуу дайралтаар өөртдөө анхаарлыг хандуулах бодолтой байна. Энэ нь хуучин тактик юм. Зарлаж мэдээлсэн арга хэмжээнүүдээсээ татгалзсаны хариуд тусламж авахыг оролдож байна.

Түүнээс гадна тодорхой дохио Өмнөд Солонгосын шинэ удирдлагад явуулсан. Сөүлд солонгос хоорондын харилцааны асуудлаар санал шүүмжлэл явуулаж байна. Засвар оруулж магадгүй. Пхеньян дээрх мэдэгдлүүдээрээ хөршүүд тухайлбал Өмнөд Солонгосын шинэ удирдлагад сэтгэл санааны шахалт үзүүлэх төлөвлөгөөтэй байна» гэв.

Харин дэлхийн хамтын нийгэмлэг цөмийн клубын гишүүдийг олшруулахыг эрс эсэргүүцэж байна. Нийгэм-улс төрийн сулдлалын төвийн захирал Владимир Евсеев үүнд анхаарлыг хандуулав. Тэрээр цөмийн туршилт хийх тухай Пхеньяний шийдвэрийн хоёр талыг тэмдэглээд

«Умард Солонгост цөмийн бэлэн цэнэг байхгүй учир цэрэг дайны үүднээс цөмийн 3 дахь туршилт хийх шаардлагагүй. Гэвч улс төрийн үүднээс юуны түрүүнд АНУ, Япон, Өмнөд Солонгос улсуудаас шахалт үзүүлсний хариуд цөмийн туршилт хийж мэднэ» гэв.

Өчигдөр ОХУ-ын ГХЯ Пхентьянд хандан цөмийн зэвсэг ба пуужин-цөмийн бүх хөтөлбөрөөс татгалзахыг уриалав. Түүнчлэн Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй тухай гэрээнд ахин нэгдэж, Цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох гэрээнд нэгдэхийг бас уриалжээ.