ХКН авилгалтай улам хүчтэй тэмцэх болсон нь капитал улс орноос гаргахыг ташуурдав. Хахууль авч, улсын сангийн хөрөнгө тоносон түшмэд үл хөдлөх хөрөнгөө яаралтай худалдаж байна. Урьдын харилцаа холбоо нь хөрөнгөө гадаадад нууцаар гаргаж, хилийн чанадад суух бичиг тойрох далдуур замаар авах боломж тэдэнд олгож байна.

Тансаг орд харшаа өнгөрсөн оны 11-р сард худалдаж эхлэсэн хийгээд 12-р сараас худалдаа өргөжин эрчимжсэн гэж ХКН-ын сахилга шалгах төв комиссын илтгэлд тэмдэглэжээ. Илтгэлийг ХКН-ын ХУ111 их хурлаас хойшхи комиссын саяхны хуралдаанд бэлтгэжээ. ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин хуралдаан дээр шүүх, прокурорын газар, аюулгүй байдлын байгууллагуудад хандан хууль хөдөлбөргүй даган мөрдөхийг уриалжээ.

Томоохон зургаан хотын засаг дарга, дэд засаг дарга нарыг хуралдааны өмнөхөн огцоруулсан юм. Түшмэдийг баривчилж, албан эрхээ хэтрүүлж, улсын хөрөнгө шамшигдуулсан тулд эрүүгийн хариуцлагад татав. Өнгөрсөн онд 100 гаруй авилгачидын талаар ийм арга хэмжээ авсныг Улс төрийн судлал, таамаглалын төвийн удирдагч Андрей Виноградов дурдаад

«Авилгал бүх хэмжээний засаг - хошуу мужийн удирдлага, дээд удирлагад нэвтрэсэн байна. Авилгалтай хийх тэмцлийн тухайд гэвэл амжилт гаргаагүй мэт сэтгэгдэл төрж магадгүй. Энэ нь ХКН-аас авилгалтай муу тэмцэж байгаа биш авилгал төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийнхэд шилжих үеийн зайлшгүй дагуул болсонтой холбоотой. Хятад улс ийм нийгмийн нэг» гэлээ.

Хятад улсад баривчласан хахуульдагчдын тоо өсөн нэмэгдсээр байна. Үүний хамт шилмэл орд харшаа худалдаж, мөнгө хөрөнгөө хилийн чанадад гаргасан түшмэдийн тоо ч нэмэгдэж байна. 2012 онд улсын 10 мянга орчим албан хаагч ийм ажиллагаа явуулж, улс орноосоо зугтан зайлав. Тэд улсад 160 тэрбум гаруй долларын хохирол учруулсан юм.

Байдлаас харахад капитал гадагшаа гарах үйл явц зогсохгүй. Бээжин, Шанхай, Гуанжоугийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлүүд орон сууцны шилмэл байшин, тансаг орд харш худалдах саналаар дүүрэв. Тухайлбал Шар тэнгисийн эрэг хавийн нэрд гарсан Бэйдайхэ амралт сувиллын газар болон Хайнань арал дахь үл хөдлөх хөрөнгөө худалдахыг олон этгээд оролдож байна. Худалдан авагч бэлэн мөнгөөр авбал өртөг нэлээд буурах юм.

Хахуульдагчид орлогоо хилийн чанадад их хэмжээгээр гаргах ажиллагаа компани, үйлдвэрлэл эрхлэгчид капиталаа Хятад улсаас гаргахтай цаг хугацааны хувьд давхцав. 2012 онд тэд 225 тэрбум доллар гаргажээ. Энэ нь Хятад улсын 2011 оны ДНБ-ний бараг 3 хувь гэсэн үг. Капиталыг нууц сувгаар гадаадад гаргаж байна. Жишээ нь бэлэн мөнгөнийг гаалийн хяналт шалгалтгүйгээр хувийн онгоцоор тээвэрлэн шилжүүлэх гүүрийг байгуулжээ.

Түүнчлэн их хэмжээний бэлэн мөнгө цүнхэндээ хийж хил давуулах этгээдүүдийн үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй байна. Компаниуд ажилтнуудынхаа хөрөнгө мөнгийг хилийн чанадад гуйвуулах банкны хөрөнгөд багтаах тохиолдол олонтаа гарч байна. Түүнээс гадна компаниудын эзэд хувьцаагаа Сянган, Сингапур, Нью-Йоркын сангийн зах зээлд худалдаж хөрөнгөтэй болох нь ерийн практик ажиллагаа болжээ.

Хэргий нь шүүн таслах ажиллагагаас эмээж зугтсан улсын түшмэд болон хөрөнгөө гадаадад гаргаж байгаа үйлдвэрлэл эрхлэгчид хөрөнгөө үл хөдлөх хөрөнгөд оруулж байна. Тухайлбал өнгөрсөн онд хятадууд 7 тэрбум доллароор үл хөдлөх хөрөнгө авсан тухай АНУ-ын үндэсний худалдагчдын холбоо мэдээлжээ.

«Шинэ хятадуудын» байрлах орон сууцны бүхэл бүтэн хорооллууд Лондон болон Франц, Итали, Грек, Кипр улсуудын амралт сувиллын газруудад бий болсон юм. Тэгэхдээ орд харшийг тусгай төслөөр барьж, эдлэнгийг хятад маягийн сэрүүн асар болон алтан загастай цөөрөмөөр чимэглэж байна. Энэ нь орон нутгийн ерийн оршин суугчдын хувьд хятадын түрэмгийлэл гэгчийн тод нотолгоо болж, хятадын эсрэг үзэл санааг гааруулж байна.