Японы барилгын JGS компаниас өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Алжирын баруун-өмнөд хэсэгт барьцаалагдаад байгаа японы гурван иргэн болон нэг филиппин хүн аюулгүй байдалд байгаа гэдгийг батлан хэллээ. JGS компаний бусад янз бүрийн үндэстнээс бүрдсэн 74 хүний хувь заяа тодорхойгүй байгаа тухай өнөөдөр Франс пресс агентлаг уламжилжээ. Түүнчлэн Хойд Америкт үйл ажиллагаагаа явуулдаг “Аль-Каидагийн” сүлжээнд хамааралтай алан хядагчдад лхагва гаригт эзлэгдсэн Ин-Аменасын объект дээр ажиллаж байсан өөр 14 япон хүний тухай тодорхой мэдээлэл алга байна.

Өнгөрсөн пүрэв гаригт Алжирын армийн явуулсан тусгай ажиллагааны дүнд гадаадын дөрвөн хүн ба зургаан зуу орчим барьцаалагдсан алжир хүмүүсийг чөлөөлжээ. Түүнчлэн Ин-Аменасаас гарч явахыг оролдож байсан алан хядагчдын цуваанд алжирын нисдэг тэрэгнээс цохилт өгөх үед барьцаанд байсан гадаадын 30 иргэн болон тэднийг хулгайлсан 11 хүмүүс амь үрэгджээ. Ройтер агентлаг уламжилснаар,уг ажиллагаа шөнө дөлөөр дуусчээ.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ нь Алжирын ерөнхий сайдтай холбогдон нэн даруй цэргийн ажиллагаагаа дуусгахыг уриалав. Алжирын уг үйл явдалтай холбогдуулан Абэ нь Индонезид хийх айлчлалаа хойшилуулжээ. Нөгөөтэйгүүр, Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Йосихидэ Суга тэмдэглэхдээ, Алжираас эсрэг утгатай мэдээлэл ирж байгаа бөгөөд Япон улс тэдгээрийг батлах боломжгүй байна гэжээ. Алжирын байдалд түгшиж байгаагаа европын гүрнүүдийн тэргүүнүүд болон АНУ-ын тэргүүн илэрхийлээд байна.