Алжирын зүүн-өмнөд нутагт 20 гаруй гадаадын иргэнийг хий олборлох нэгэн барилга байгууламжад барьцаанд авсан этгээдүүд лалын зэвсэгт бүлгийн 100 гишүүнийг шоронгоос гаргаж суллахыг шаардаж байна гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Үүний хамт тэд шоронгоос суллагдсан хүмүүсийг Мали улс руу явуулахыг шаардаж байна. Эдүгээ тус улсад гадаадын хүчнийг оролцуулан лалын хэт даврагчдыг устгах цэргийн ажиллагаа явуулж байна. Өөр ХМХ уламжласнаар хэт даврагсад Мали улсад францын цэргийн ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Алжирын эрх баригчид террористуудтай хэлэлцээ хийж шаардлагы нь биелүүлэх гээгүйг Алжирын ДХ-ийн сайд Дахо Ульд Каблия мэдэгдэв.

Өчигдөр өглөө эрт хориод террорист гурван жипээр ирж, ливийн хилээс 100 км зайтай орших Ин-Аменас хот орчмын элсэн цөлд орд газарт ажиллаж байсан гадаадын ба алжирын мэргэжилтнүүдэд халдав. Нефтьчдийн хотхонд дайран орсон террористууд хэд хэдэн байшинг эзлэж, АНУ, Франц, Их Британи, Норвеги, Японы иргэдийг оролцуулан хориод хүнийг барьцаалсаар байна.Одоо нийгмийн аюулгүй байдлын хүчин террористуудыг барьцааны хүмүүстэй нь хамт бүслэжээ.

Алжирын өмнөд элсэн цөлд хийн орд газар дээр гадаадын мэргэжилтнүүдийг барьцаалсан террористууд хөрш зэргэлдээ улсуудын иргэн биш орон нутгийн оршин суугчид юм гэж үүний өмнө Дахо Ульд Каблия мэдээлсэн билээ. Ройтер агентлагийн уламжласнаар тэд «Аль -Каидатай» эвсэн сүлбэлдсэн байна.