ОХУ-ын БХЯ-ны хүрээнд явуулсан луйвар ажиллагаантай холбоотой шуугиант эрүүгийн хэрэг өргөжих тухай ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин мэдэгдэв. Эрүүгийн хэргийг «Оборонсервис» компанийн хэрэг гэж олонтаа нэрлэж байна. Гэвч эрүүгийн хэрэгт хамаатай дээгүүр албан тушаалтнуудыг шийтгэхгүй гэж олон нийт  эргэлзэн үзэж байна. Бастрыкины мэдэгдэл ийм эргэлзээг арилгах үүрэгтэй байх.

Эцэст Орос улсад авилгалтай хийх тэмцэл засгийн дээд давхрагыг хамрасан гэж үзэж сэтгэл хөдлөх явдал аажмаар намжиж байна. Сэтгүүлч, олон нийтийн зүтгэлтнүүд болон сөрөг хүчин прокурорын газар ба мөрдөн байцаах хорооны ажиллагааг олонтаа шүүмжилж байна.«Авилга авсан дээгүүр албан тушаалтай түшмэдийг яагад баривчлахгүй байна? гэж зэмлэж байгаа юм. БХЯ-тай холбоотой түшмэд улсын хөрөнгө шамшигдуулсныг шийтгэж тодорхой үр дүнд хүрээгүй явдал мөрдөн байцаах ажиллагааг эргэлзээтэй болгож байна. Орос улсад Хүний эрхийн онц эрхт төлөөлөгчийн дэргэдэх магадлан шинжлэх зөвлөлийн гишүүн Валерий Борщов тайлбарлан хэлэхдээ

«Эрүүгийн хэрэг бараг зогсонги байдалд орсон. Мэдээлэл бага. Шинэ ялтан үгүй. Харин мөрдөн байцаах ажиллагааны явцад шинэ шинэ ялтан илрэн тодордог. Харамсалтай нь мөрдөн байцаах байгууллагууд сэжиглэгдсэн хүмүүсийн цэсээр үйл ажиллагаагаа хязгаарлав. Энэ цэс дээр л ажилласаар байгаа нь сэжиг төрүүлсэн» гэв.

Сүүлийн хоёр жилд Орос улсад авилгатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн эрх зүйн онц статустай 1500 гаруй этгээдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. 150 нь дотоод хэргийн байгууллагын мөрдөн байцаагч, 42 нь прокурор, 41 нь сонгуулийн комиссын гишүүн, 11 нь шүүгчид юм. Авилгалтай хийх тэмцэл манайд эрч хүчээ авч, мэдэгдэм үр дүнд хүрч байна гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Авилгалтай хийх тэмцэл тов тодорхой болж байна. Дараачийн үе эхэллээ. Урьд тэмцэл бага, дунд зэргийн хэмжээний түшмэдийг хамрасан гэж зүй ёсоор шүүмжлэсэн билээ. Хууль сахиулах байгууллагууд шинэ жил гэхэд л томоохон түшмэдийн эсрэг эрүүгийн хэрэг санаатайгаар үүсгэсэн гэж үзэж болохгүй. Энэ нь шуурхай эрэх ажиллагаатай холбоотой. Бид хахууль өгч авсан этгээдүүдийн талаар бодит баримтыг цуглуулах ёстой. «Оборонсервис» компанийн тухайд гэвэл одоо санхүү-эдийн засгийн шалган байцаах нарийн ажиллагаа явагдаж байна» гэв.

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны тэргүүний өгүүлснээр эдүгээ БХЯ-ны хяналтад байгаа «Оборонсервис» компани үл хөдлөх хөрөнгө, газар талбай, хувьцаа худалдаж луйвар хийсэнтэй холбогдуулан эрүүгийн 10 хэрэг үүсгэсэн юм. Тэдгээрийг нэгтгэн мөрдөн байцааж байна. Урьдчилан тооцоолсноор хохирол 5 тэрбум рубль буюу 170 сая доллароос хэтрэв. БХЯ-ны аж ахуйн үйл ажиллагааны хүрээг харгалзвал энэ тоо хэмжээ өсөн нэмэгдэх бололтой.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БХ-ын сайд асан Анатолий Сердюковыг «Оборонсервис» компанийн эргэн тойрны шуугиант хэрэг гаарсан үед 2012 оны 11-р сарын 6-нд огцоруулсныг дурдая. БХЯ-ны Сердюковын шадар түшмэд түүний дотор Эд хогшилын газрын тэргүүн асан Евгения Васильева энэ хэрэгт хамрагдсан байна Сердюков бол гэрч этгээд юм. Тэрээр эхлээд өмгөөлөгч нь өвчилсэн явдлыг шалтаг болгон, дараа нь ОХУ-ын Үндсэн хуулийн 51-р зүйл ангийг үндэслэн мөрдөн байцаагчдын асуултад хариулахаас хоёр удаа татгалзав. Сердюков мэдүүлэг өгөхөөс татгалзсан явдал хууль сахиулах байгуулагуудыг тээнэгэлзэхэд хүргэв. БХ-ын хуучин сайдын зан үйлээс болж байцаан шийтгэх статус нь өөрчлөгдөж болзошгүй гэж Мөрдөн байцаах хороо үзэж байна.