Их Британиэс Мали улсад лалын зэвсэгт бүлгүүдийн эсрэг ажиллагаанд оролцож байгаа францын цэрэгт логистикийн дэмжлэг үзүүлнэ. Гэвч Лондон британийн цэргийн албан хаагчдыг байлдааны ажиллагаанд оролцуулахгүй гэж Франс Пресс агентлаг ерөнхий сайд Дэвид Кэмероны тамгын газрын мэдэгдлээс иш татан уламжлав. Урьд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд францын цэрэг Малид байлдааны ажиллагаанд оролцож байгааг батласан билээ. Мали, Сомалид францын цэрэг ажиллагаа явуулж байгааг эсэргүүцсэн лалын зэвсэгт бүлгүүд халдаж болзошгүй хэмээн үзэж, Францад аюулгүй байдлыг хангах хатуу арга хэмжээ авч байна гэж тэрээр мэдээллээ. Нийтийн барилга байшин, тээврийн хэрэслүүдийн байдлыг анхааралтай ажиглах юм. Өчигдөр францын нисэх хүчин Малид лалын зэвсэгт бүлгүүдэд цохилт өгөв. Францын цэрэг дайсанд их хохирол учрулсан ч үүргээ бүрэн биелүүлэгүй гэж Олланд мэдэгджээ. Францын цэргийн тусламжтайгаар Конна хотыг лалын зэвсэгт бүлгүүдээс чөлөөлсөн тухай Малийн засгийн газрын цэргийнхэн мэдээлсэн байна. Цэргийн ажиллагааны явцад 100 орчим зэвсэгт этгээд амь үрэгджээ. Эдүгээ Малийн засгийн газрын цэрэг лалын зэвсэгт бүлгүүдтэй байлдан дайтаж, 11 цэргийн албан хаагчаа алдсан юм. Мөн 60 цэрэг шархджээ. Францын Цэргийн нисэх хүчний нэгэн нисэгч амь үрэгдсэн тухай бас мэдээлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Мали улсын байдал хүндрэв. Лалын бүлгүүд засгийн газрын байрлалд халдаж эхэллээ. Пүрэв гаригт Франц, Германы цэргийн албан хаагчид засгийн газрын цэрэгт нь туслахаар Малид хүрэлцэн очлоо. Маргааш нь Мали улсын эрх баригчид онц байдал тогтоож, нийтийн дайчлага зарлажээ.