Түүхчид түүнийг зөвлөлтийн атомын бөмбөгийн «эцэг» гэжээ. Хамт ажиллаж байсан хүмүүс ба шавь нар нь «Cахалт» гэж нууцаар нэрлэж байв. Игорь Васильевич Курчатов бол оросын аугаа их эрдэмтэн, зөвлөлтийн атомын төслийг үндэслэн зохиогч юм. Эрдэмтэн, шинжээчид Курчатовын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан эрдэмтнийг санан дурсаж, «Оросын дуу» радиод өгүүлж байна.

Дэлхийн 2-р дайн дууссаны дараа дэлхий дахин шинэ сүйрлийн босгонд тулав. Урьд нацистуудтай хийсэн тэмцэлд ЗХУ-ын холбоотон байсан улсууд ЗХУ-д цөмийн давшилт хийх төлөвлөгөөг эргэцүүлэн бодож эхлэв.ЗХУ цөмийн зэвсэгтэй болохоос өөр аргагүй болсон билээ. Түүхийн ухааны доктор Александр Сагомонян хэлэхдээ

«Сталин болон зөвлөлтийн удирдлага аймшигт аюул учирсныг ойлгож байсан. Атомын бөмбөг аль болох ахар богино хугацаанд зохион бүтээх замаар л ийм аюулыг арилгаж болохыг бас ойлгосон юм. Энэ нь ЗХУ-ын дотоодын бодлогын гол чиглэл болов. Сталин атомын төслийн ШУ-ны удирдагчийн хувьд Курчатовыг сонгон авчээ. Энэ нь АНУ-ын атомын монопольт байдлыг дөрөвхөн жилийн дотор эцэслүүлэх хүнд хучир ажил болсон» гэлээ.

Гэвч мөн ажлыг хийж амжив. Игорь Васильевичийн ШУ, зохион байгуулалтын уран чадвар ийм амжилт гаргахад ихээхэн тусласан гэж «Курчатовын хүрээлэн» Үндэсний эрдэм шинжилгээний төвийн ерөнхийлөгч Евгений Велихов тэмдэглэн хэлээд

«Тэрээр үнэхээр жинхэнэ физикч байсан. Курчатов 1943 оноос ЗХУ-ын цөмийн төслийг удирдаж эхлэв. Гайхамшигт зохион байгуулагч эрдэм шинжилгээний томоохон бүх хамтлагийг үйл ажиллагаанд хамруулж, өөрийн сургуулийг зохион байгуулсан. Курчатов Орос улсын батлан хамгаалах чадварын үндэс суурийг тавьсан.

Эдүгээ атомын шумбагч хөлөг, атомын хөлөг онгоц, мөс хагалагч зүсэгч хөлөгүүд үүнд тулгуурлаж байна. Тэрээр нөр их ажил хийхдээ бүх оролцогчтой биечлэн уулзаж харилцаж байсан. Шаардлагатай тохиолдолд хүчит Дотоод хэргийн сайд Бериятэй ч эрдэм шинжилгээний ерийн ажилтантай ч ярьж байв. Курчатов өөрий нь удирдсан салбарт одоо Орос улсыг дэлхийн ШУ-ны томоохон гүрэн улсын нэг болгосон уур амьсгалыг тухайн үед бүрдүүлсэн» гэв.

Түүхч Сергей Смирнов Игорь Курчатовын  зан төлөвийг дурдан хэлэхдээ «Суут Курчатов суут эрдэмтдийг бэлтгэж удирдаж байсан. Энэ нь маш хэцүү үйл ажиллагаа юм. Тэрээр өөд болтлоо хүмүүстэй эвсэг найрсаг харилцаатай байсан. Курчатовыг анд хэмээн үзэж байсан маш олон хүн түүнийг хүрээлж, түүнд захирагдаж байсан» гэв.

Аугаа их физикчийн ер бус нэгэн шийдвэр өөрийг нь «Сахалт» гэх шалтаг болсон гэж цэргийн шинжээч Илья Крамник хэлээд «Курчатов дайны үед «фашизмыг ялтал» сахлаа хусахгүй байсан гэдэг. Дараа нь дайн дууссан ч «цөмийн төслийг амжилттай хэрэгжүүлтэл» сахалтай байхаар шийдсэн аж. Төсөл өргөжиж эцэс төгсгөлгүй үргэлжлэсэн учир сахалтай байсаар байв» гэлээ.

Игорь Васильевич Курчатов маш эрт 57 настайдаа өөд болов. Гэвч түүнийг санан дурссаар байна. Хот, өргөн чөлөө, гудамж, хүрээлэн, сургууль бүр сансрын биет жижиг гаригийг Курчатовын нэрээр нэрлэжээ.