Хятад улс Орос улсыг улс төрийн харилцан дэмжлэгээ бэхжүүлэх  дэлхийн ба бүс нутгийн асуудлаар байр сууриа идэвхитэй зохицуулахыг уриалав. Энэ тухай ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинь Оросын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзахдаа мэдэгдэв. Уулзалт стратегийн аюулгүй байдлын асуудлаар хоёр талын зөвлөлдөх наймдахь удаагийн уулзалтын хүрээнд болсон юм.

Зөвлөлдөх уулзалтыг хятадын талаас Төрийн зөвлөлийн дарга Дай Бинго тэргүүлсэн. Өнгөрсөн наймдугаар сард түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд хүлээн авч уулзсан байна. Өнөөдөр албан тушаалтнуудын оролцоотой уулзалтууд нь зүгээр нэг протоколын төдий биш юм.

Тэдгээр нь харилцан итгэлцэл, олон улсын асуудлаархи хоёр талын байр суурийн зөвшилцөөний чухлыг харуулж байна. Энэхүү зохицуулалт нь маш үр ашигтай, яагаад гэвэл олон улсын дийлэнхи тулгамдсан асуудлаар Орос болон Хятадын сонирхолууд нийцэж байгаа гэж ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн ректор Евгений Баженов тэмдэглээд

«Хамгийн гол асуудал – олон улсын харилцаануудыг хэн удирдах ёстой вэ гэдэг байна. Орос болон Хятад дэлхий дахиныг АНУ болон өрнөдийн орнууд бүхэлд нь удирдахын эсрэг байна. Бид удирдлагыг НҮБ-аар дамжуулан олон улсын харилцааны бүх оролцогчдын эрх тэгш үндсэн дээр олон туйлт дэлхийн төлөө байна. Ийм байр суурь нь Орос болон Хятад улсыг ойртуулах нь мэдээж юм» гэлээ.

Бээжингийн энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь Хятад болон АНУ- ын бүс нутгийн сөргөлдөөний мэдэгдэхүйц хурцадмал байдлын үед болж байна. Пентагоны Азид эргэн ирж байгаа стратегийг Хятад улс өөрсдийн сонирхолд заналхийлж байгаагаар хүлээн авч байна. Иймээс тэд пуужингийн чадавхийг хөгжүүлэх, агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн флотыг шинэчлэх хариу алхмуудыг хийж байна. Хятад улсад Оросын дэмжлэгч чухал хэрэгтэй.Энэ нь Николай Патрушев болон Дай Бингогийн оролцсон Бээжингийн зөвлөлдөх уулзалтын чухал сэдвийн нэг юм.

Си Зиньпиний Москваг улс төрийн дэмжлэгээ харилцан бэхжүүлэхийг уриалсан нь Алс-Дорнодод хамтарсан тэнгисийн цэргийн шинэ сургуулилт болж хувирахыг үгүйсгэхийн аргагүй юм. Өнгөрсөн жил Орос улс болон Хятад улс хамтран орчин үеийн зэвсэглэлийн төрлүүд болон холбооны хэрэгсэлүүдтэй ийм төрлийн сургуулилтыг явуулсан.

Сургуулилт нь гуравдагч орон руу чиглэглээгүй тухай талууд тодорхой мэдэгдсэн. Гэвч ажиглагчид үүнийг Бээжин АНУ-ын болон тэдний бүс нутгийн чухал холбоотнууд болох Япон болон Өмнөд-Солонгосын эсрэг ажиллагаа гэж үзэж байсан.

Саяны Бээжин дэхь орос-хятадын зөвлөлдөх уулзалтын өмнө Токио сүүлийн арав гаруй жилд анх удаагаа батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа зарласан. Энэ нь Зүүн-хятадын тэнгисийн арлуудаас болж Хятадтай харилцаа хурцдаж байгаатай холбоотой.Цэргийнхэн нэмэлт 1,15 тэрбум долларыг хүсчээ.

Энд Зүүн-Хойд Азид хурцадмал байдал шинээр үүсч байгаатай холбоотой. Мэдээж хэрэг Бээжинд болсон зөвлөлдөх уулзалт дээр Москва болон Бээжин Токиогийн энэхүү алхамд болзошгүй хариу өгөх тухайгаа хэлэлцсэн байгаа гэж Евгений Бажов үзээд

«Сүүлийн жилүүдэд Хятад улсын АНУ болон Японтой харилцаа хурцдаж байна. Гэхдээ энэ нь бид Хятадтай нэгдэж, АНУ, Японы эсрэг тэмцэнэ гэж байгаа юм биш. Орос болон Хятадын хамтын ажиллагаа нь гуравдагч орны эсрэг чиглэгдээгүй ч, чиглэгдэх ч үгүй» гэлээ .

Бээжинд болж өнгөрсөн Орос болон Хятадын зөвлөлдөх уулзалт нь стратегийн харилцан ажиллагааны хөгжил болон түншлэл нь дипломатчлалын гол чиглэл хэвээр байна гэдгийг батлан харууллаа.